МОД ТАРИХАД ТООНООС ИЛҮҮ ЧАНАР ЧУХАЛ

Өнөөдөр буюу 2022.02.26-ны өдөр Орхон аймагт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон Эрдэнэт” зөвлөгөөн хийлээ. Зөвлөгөөнд Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр нар оролцлоо.

“Ногоон Эрдэнэт” хөтөлбөр хэрэгжсэнээр ойг нөхөн сэргээх, ойн төгөл, ойн зурвас байгуулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, мод үржүүлгийн газруудыг дэмжиж, шинээр байгуулах замаар тарьц, суулгацын хэрэгцээг хангаж, ойн сангийн талбайг 7.7 хувиар, нэг хүнд ногдох талбайн хэмжээг 18.0 м2-д хүргэх тооцоолол гаргажээ.

Орхон аймаг 2021 онд 153487 мод, бут сөөг тарьж, хамгийн их мод тарьсан аймгаар шаалгарсан. Тэгвэл 2022 онд энэ ажилд 800 сая төгрөг төсөвлөсөн байна.
Орхон аймгийн газар нутгийн нийт хэмжээ 84400 га бөгөөд Монгол Улсын хэмжээнд хамгийн бага газар нутагтай аймаг учир мод тарих, мод үржүүлэг байгуулах газрыг төлөвлөхдөө хот байгуулалтын бусад төлөвлөлтийн шийдлүүдтэй зөрчилдөхгүй, харилцан уялдсан байх шаардлагатай. Үүнд:
– Мод үржүүлгийн үйл ажиллагаа явуулахад тохиромжтой байх,
– Цахилгаан хангамжид холбогдох боломжтой байх,
– Тээвэрлэхэд байршлын хувьд  хүндрэлгүй байх зэрэг хүчин зүйлсийг харгалзаж төлөвлөх шаардлага тавигджээ.

‘Ногоон-Эрдэнэт’ зөвлөгөөн хэлэлцүүлгээр үргэлжилж, нийт эрдэмтэн судлаачид, иргэн, аж ахуйн нэгжүүд саналаа хэллээ. Тухайлбал Иргэдэд мод зөв тарих сургалт, хичээл заах, Иргэн бүр гэрийнхээ хөрсний бохирдолтой хэсэгт 9 мод тарьдаг байсан эртний уламжлалаа сэргээх, хүүхэд багачуудыг багаас нь мод тарих зуршилтай болгох гэх мэт саналуудыг хэлэлцсэн юм. Үүнээс гадна тоонд бус чанарт анхаарч, тарьсан модоо хамгаалах нь чухал гэдгийг онцоллоо.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн