АЛТНААС ҮНЭТЭЙ АВДАР ГЭЖ БИЙ

Гудамжинд явж буй хүмүүсээс Монгол Улсад тулгамдаж байгаа зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудал юу вэ? Гэж асуувал дийлэнх нь ядуурал, архидалт, эдийн засгийн хямрал, хүн амын эрүүл мэнд гэх мэт зүйлүүдийг хэлдэг.

Эдгээр асуудлыг удаан хугацаанд ярьж байгаа ч шийдвэрлэж чадахгүй байгаа гол шалтгаан нь бид бүх асуудлыг хэтэрхий жижигхэн хүрээнд хардагтай холбоотой. Мөн бид ямар ч асуудал тулгамдсан төр засгийг л буруутгаж, өөрсдийгөө хохирогч нь гэж итгэдэг.

Мэдээж төр засаг биднээс авсан татварынхаа хариуд үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Гэвч хувь хүн өөрөө хичээвэл ямарч нийгэмд сайхан амьдарч болдог, хувь хүн өөрөө тэсвэрлэж чадвал хорт зуршилд донтохгүй, хувь хүн өөрөө анхаарч чадвал эрүүл байж чадна. Гагцхүү бидний сэтгэхүйд л өөрчлөлт шинэчлэлт хэрэгтэй байна. Өөрөө хичээгээд өөрчлөгдөж чадсан бол хажуудаа байгаа хүмүүсээ бас өөрчлөх ёстой. Ингэж байж л Монголчуудын шаналаад байдаг дээрх асуудлууд аяндаа шийдэгдэнэ.

Бидний хамгийн түрүүнд нэгдэх ёстой, өөрчлөх ёстой салбар бол Байгаль орчны салбар юм. Хүрээлэн буй орчин гэхээр хол хөндий асуудал мэт ихэнх хүмүүс ойлгодог. Гэвч хэчнээн алт мөнгө, эрүүл саруул биетэй байгаад агаарын бохирдол, хөрсний бохирдол, цөлжилттэй  орчинд амьдарвал буцаад л өнөөдрийн байдалдаа орчихно. Тиймээс хүн төрөлхтний хувьд орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх гэдэг нэн тэргүүнд тавих ёстой, цаашлаад амьд явах эрхтэй холбогдох чухал зүйл юм.

ЗУРГИЙГ: Төмөрдашийн Баттулга

 

МОНГОЛ УЛС СЭЛЭНГЭ АЙМАГ

 

Өнгөрсөн хугацаанд Монголчууд энэ салбарыг үл тоож ирснийхээ хариуг амь нас, эрүүл мэнд, эдийн засгаараа төлж байна. Мэргэжлийн хэдэн хүмүүсээс бусад хэн ч энэ салбарыг тоодоггүй, байгаль орчин гэхээр л хойш нь тавьдаг, мод тарих гэхээр л хүний нүдэнд хэдэн мөчир газар булж харагдчихаад ор тас мартчихдаг, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон уул уурхайг анхаараад түүний хойно сэглэгдэж үлдсэн газар, ширгэж дууссан голыг дурсахаа байсан. Өөрөөр хэлбэл алтыг нь аваад авдрыг нь хаяна гэдэг шиг л.

Гэтэл Монгол Улсын нийт газар нутгийн 76 хувь цөлжсөн, энэ байдлаараа 200 жилийн дараа ямар ч модгүй болох судалгаа хийгджээ. 200 жилийн дараа бидний үр удамд амьдрал үлдэхгүй гэсэн үг. Бидний өвөө эмээ, ээж аав дуурсахдаа ийм сайхан нуур, ийм сайхан өндөр өвс байлаа гэж ярихыг олон удаа сонсож байсан болов уу. Гэтэл бидний үр хүүхдэд ногоон байгальтай холбоотой дурсамж ч үлдэхгүй. Тэр үед алтнаас үнэтэй авдар гэж байдаг гэдгийг Монголчууд яс махандаа тултал ойлгох байх.

Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарина гэдэгээ НҮБ-ын индэр дээр зарласан. Үүнийг сонссон Монголчууд нөгөө л сурсан зангаараа шал дэмий юм хийлээ, эдийн засгаа сэргээгээч, ядуурлаа бууруулаач гэцгээж байсан. Харин учир мэдэх хүмүүс талархаж хүлээн авсан бөгөөд ханцуй шамлан мод тарих ажилд нэгдэж байна.

Энэ чухал шийдвэртэй зэрэгцэн хааяа л нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр нь цухуйж харагддаг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд өөрчлөлт хийх шаардлага бий болсон. Учир нь хуучнаараа ажиллаад “тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэзээ ч хэрэгжихгүй гэдэг нь тодорхой. Иймд сүүл мушгидаг, авлигийн индексээр хойноосоо гуравт бичигддэг салбарт шинэчлэл хийх ажлыг нэн тэргүүнд төрөөс хийсэн юм.

2022 оны 1 сарын 17-нд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Б.Бат-Эрдэнийг томилсон нь гэнэтийн бөгөөд олон хүний анхаарлыг татсан шийдвэр байв.

Удирдлагыг нь солиод нэмэр байна уу гэх цөөн тооны хүмүүсийн хариултыг шинэхэн сайд үйлдлээрээ өгсөн юм. Тэрээр сайд болмогцоо тэг зогсолт хийсэн аялал жуулчлалын салбарыг сэргээж, олон улсад Монгол Улс жуулчид авахад бэлэн гэдгээ ойлгуулж чадсан. Мөн энэ ажилдаа Гадаад харилцааны яам, Соёлын яамыг татан оролцуулсан нь оновчтой байв.

Үүний дараа иргэдийн мэтгэлцээний сэдэв болсон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг шуурхайлах болсон. Тус хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд аймаг тус бүрийн онцлогт тулгуурлах шаардлагатай. Цөөхөн хугацаанд хүрээлэн буй орчноо амжилттай ногооруулсан, дэлхий нийтийн жишээ болгон ярьдаг Хятал Улсын гол тактик нь энэ юм. Тиймээс манай улс ч бас туршлагаас нь суралцан, 21 аймгаараа тойрч, тус бүрийнх нь онцлогтой танилцаж, санал хүсэлтийг нь цаашдын үйл ажиллагаандаа шингээхээр зорьсон байна. Ингэхдээ БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нараар ахлуулсан гурван ажлын хэсэг 2022 онд 21 аймагт хоёр удаа очиж ажиллахаа мэдэгдэж энэ оны хоёрдугаар сарын 25-нд орон нутаг дахь томилолтоо эхлүүлсэн юм.

Эхний ээлжинд Б.Бат-Эрдэнэ сайд Сэлэнгэ аймаг- Орхон аймаг- Дархан-Уул аймаг гэсэн маршрутаар, дараагийн ээлжинд Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Төв аймаг, мөн Говьсүмбэр-Дорноговь аймгийн Замын-үүд сум- Сайншанд хотуудад амжилттай ажиллаж, орон нутгийн иргэдээс магтаал, зэмлэлийг тэнцүүхэн хүртээд ирсэн.

Мөн удаан хугацаанд бугласан салбарын болон албан хаагчдын нийгмийн асуудлууд дурдагдаж, чадах зүйлээ газар дээр нь шийдвэрлэж байсныг дурдах нь зөв байх. Ямар асуудал дурдагдаж, хэрхэн шийдвэрлэсэн талаар цухуйлгавал…

Үргэлжлэл бий

СЭТГҮҮЛЧ Б.УРАНТУЯА

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн