“БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО” ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХЭД ХАМТРАНА

Hийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-той хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд хамтран ажиллахаар боллоо. Энэ хүрээнд өнөөдөр (2022.03.17) “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяр болон “Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар”-ын дарга С.Нямдорж нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тодруулбал, “Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл”-өөс 2022-2023 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг баталсан.  Тус хөтөлбөрт:

  1. Хөдөлмөрт бэлтгэх
  2. Аж ахуй эрхлэгчдийг дэмжих
  3. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
  4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
  5. Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
  6. Ногоон ажлын байр
  7. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 7 арга хэмжээ багтсан байгаа юм.

Дээрх 7 төсөл арга хэмжээг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэхэд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ГҮТББ,  “Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар” хамтран ажиллах юм.

Тухайлбал, энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Ногоон ажлын байр” төсөл хөтөлбөр 9 дүүргийн хэмжээнд хэрэгжинэ. Уг арга хэмжээнд мод тарих чиглэлээр түр ажлын байрыг Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраас зарлахаар болжээ.  Ингэснээр мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүд мод тариалалтын улиралд ажлын байраа нэмэгдүүлэх нөхцөл бүрдэж байна.

Тэгвэл “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” болон “Ногоон ажлын байр” хөтөлбөрт идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” нь нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 330 суманд салбар хороотой нийт 100 мянга гаруй гишүүд, дэмжигчтэй, үндэсний жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, баялаг бүтээгчдийг эгнээндээ нэгтгэсэн гишүүддээ үйлчилдэг томоохон төрийн бус байгууллага юм. Тиймээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 7 төрлийн төсөл арга хэмжээнд нийт гишүүд, дэмжигчдээ хамруулах, тэдэнд мэдээллийг шуурхай хүргэж ажиллах нь хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд үр дүнтэй гэж Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраас үзэж байгаа юм.

Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар 2007 оноос хойш нийслэлийн 9 дүүрэгт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр цогц үйлчилгээ үзүүлсээр ирсэн. Тодруулбал: Хөдөлмөрийн зах зээл дээр ажил хайгч иргэн болон аж ахуйн нэгж байгууллагыг зуучлах, иргэнд хөдөлмөр зуучлал, мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх цогц үйлчилгээ үзүүлдэг.  2018 оноос “Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар”-ын харьяа “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний Дүнжингарав төвд байрлах тус төв ажлын байранд зуучлах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, ажил хайгчдад зориулсан ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлж байна. Мөн Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжихэд чиглэсэн оффис үйлчилгээ, ажил хайгч ээжүүдэд зориулж хүүхэд саатуулах тоглоомын өрөөгөөр үйлчилж байна. Тус төвд 7 хоногт 2 удаа байгууллагуудын нээлттэй ажлын байрны өдөрлөг болдог байна.

Манай улсад өнөөдрийн байдлаар ажилгүйдлийн түвшин 8,4 хувь, нийслэлийн хэмжээнд 9 хувьтай байна. Тиймээс залуучууд, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл арга хэмжээг үр дүнд хүргэж ажиллах нь чухал асуудал юм. Мөн байгаль орчны салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, ногоон эдийн засгийг хөгжүүлэх “ногоон ажлын байр” хөтөлбөр нь улс даяар өрнөж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдаж байгаа нь сайшаалтай юм.

Мөн залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр 9 дүүргийн хэмжээнд хэрэгжих бөгөөд дүүрэг бүрээс гарааны бизнесийн 2 төслийг сонгон шалгаруулж санхүүжилт олгох арга хэмжээг Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраас зохион байгуулна. Дээрх арга хэмжээ болон бусад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” хамтран ажиллах юм. Ийнхүү “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” 2022-2023 оны хооронд төрөөс хэрэгжих хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд баялаг бүтээгчдээ дэмжих зорилгоор хамтран ажиллахаар боллоо.

 

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн