Б.ЧИНБААТАР: ОНЬСОН ДӨРӨӨ НЬ МАШ ОЛОН ХҮНИЙ АМЬ НАСЫГ АВРАХ, БЭРТЭЖ ГЭМТЭХЭЭС СЭРГИЙЛЭХ ЭД БОЛСОН ГЭЖ ИТГЭЖ БАЙНА

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос бэлтгэн хүргэдэг, шинэлэг санаа, шинэ технологи, инновацлаг бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг таниулах зорилготой “ENTREPRENEUR” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт монгол өв, соёлыг түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулахын сацуу сэргээн шинэчилж өвлүүлэн үлдээх үйлсэд хувь нэмрээ оруулж яваа “Оньсон дөрөө” компанийн үүсгэн байгуулагч, оньсон дөрөөг зохион бүтээгч Б.Чинбаатарыг онцолж байна.

Түүний зохион бүтээсэн оньсон дөрөө бол монголчуудын эдэлж хэрэглэж байсан эдүгээ мартагдаад байгаа эд бөгөөд олон жилийн туршилт, судалгааны үр дүнд орчин цагийн хэрэглээнд нэвтрэхэд ийнхүү бэлэн болжээ. Оньсон дөрөөг 17-р зуунаас өмнө монголчууд хэрэглэж байсан эх сурвалж, олдворууд өнөөг хүртэл хадгалагдан иржээ. Харин монголчууд манжийн эрхшээлд орсон цагаас энэ дөрөөг хэрэглэхээ больсон байна.

Одоогийн бидний хэрэглэдэг энгийн дөрөө бол аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, энгийн дөрөөтэй мориноос унах үед чирэгдэх, амь насаа хохироох, бэртэж гэмтэх эрсдэл маш өндөр байна. Мөн хурдан морины уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдалд эмээлийн дөрөө маш чухал юм. Тэгвэл оньсон дөрөө нь хурдан морины уралдаанч хүүхдийн дөрөөнөөс болж гэмтэх бэртэх, чирэгдэх эрсдэлийг байхгүй болгож байгааг зохион бүтээгч Б.Чинбаатар онцолж байна.

Оньсон дөрөө нь хүн мориноос унасан тохиолдолд оньс  нь мултарч хүний хөл дөрөөнөөс салдаг. Морины нуруун дээр байгаа тохиолдолд мултардаггүй, дөрөөнд чирэгдэх эрсдэлээс 100 хувь сэргийлсэн аюулгүйн дөрөө юм.  Тэрээр оньсон дөрөө нь маш олон хүний амь насыг аврах, бэртэж гэмтэхээс сэргийлэх эд болсныг онцолж байгаа юм. Б.Чинбаатар цаашид өөрийн зохион бүтээсэн оньсон дөрөөг дэлхийн зах зээлд гаргах том зорилго тээж яваа.

Б.Чинбаатар төрийн тусгай хамгаалалтын газар, цагдаагийн байгууллагат ажиллаж байгаад 2002 оноос хувийн бизнесээ эхлүүлж буйдан худалдаа, үйлчилгээний чиглэлээр “Содон буйдан” компанийг үүсгэн байгуулж үйл ажиллагаа нь амжилттай үргэлжилсээр буй.

Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Б.Чинбаатар нүүдэлчин ахуйд адуу малтай ноцолдож өссөн. Хар бага наснаасаа эх орондоо ихийг хийж бүтээх мөрөөдөл тээсээр ирсэн тэрээр өнөөдөр өөрийн хийж бүтээсэн оньсон дөрөөг монгол түмэндээ анх удаа танилцуулж байна юм.

Оньсон дөрөө нь 840 грамм жинтэй, хүүхдийн дөрөө нь 240-300 орчим грамм жинтэй, зэвэрч мууддаггүй ган, нержээр хийгджээ. Олон улсад ийм төрлийн аюулгүй дөрөө Австрали, Япон, АНУ-д байдаг ч оньстой биш хүн унасан тохиолдолд гараараа түгжээг нь мулталж таваг нь салдаг байна. Харин оньсон дөрөө нь гар ажиллагаа байхгүй мориноос унах үед  бага сэнж 45 градус налуу болж мултардгаараа онцлогтой юм. Энэ нь морины нуруун дээр яваа тохиолдолд боломжгүй байна.  Оньсон дөрөө нь хэмжээнээс хамаараад L10, L11, L13 гэсэн загвараар үйлдвэрлэгдэж байна.

Монголчууд дөрөөг эр хүний сүлд хийморийн бэлгэдэл хэмээн олон зууны тэртээгээс шүтэж ирсэн. Тэр дундаа Үзэмчин ястнууд эрт дээр үеэс их эзэн Чингис хааныхаа эмээлийн дөрөөг сүлд шүтээн болгон тахиж ирсэн байдаг. Үзэмчид жил бүр хошуу хотлоороо цугларан агт морьдоо сэтэрлэх, эрийн гурван наадам хийх зэргээр дөрөөгөө шүтэж хүндэтгэл үзүүлж ирсээр өдгөө энэ уламжлал “Алтан дөрөө” хэмээх наадам болсон байдаг. Тодруулбал Үзэмчин ястнууд төвлөрөн суурьшдаг Дорнод аймгийн Сэргэлэн суманд 2005 оноос хойш ардын урлаг, ёс заншлаа түгээн дэлгэрүүлэх “Алтан дөрөө” наадам гурван жилд нэг удаа зохион байгуулагдах болжээ. Уг наадамд Улаанбаатар хот, Сүхбаатар, Хэнтий зэрэг аймаг, ӨМӨЗО-ы Шилийн гол аймаг, Үзэмчин хошуунаас төлөөлөл ирж оролцдог байна.

Эрдмийн аянд дөрөө жийнэ гэж монголчууд ярьдаг. Алс холыг зорьж байгаа хүний аян замыг ерөөж дөрөөнд сүү мялаадаг зан заншил өнөөг хүртэл өвлөгдөж ирсэн. Морь, мал уналга, эдэлгээ, нүүдэлчдийн ахуй соёл, зан заншилд өвлөгдөн ирсэн дөрөөг бэлгэддэг монголчууд оньстой аюулгүйн дөрөөг орчин цагт хэрэглэх боломжтой болж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн