Орхон аймаг хүнс, хөдөө аж ахуйн салбараа эрчимжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ Орхон  аймагт боллоо. Энэхүү арга хэмжээнд Орхон аймгийн нутгийн удирдлагууд, төрийн албаныхан, хүнс үйлдвэрлэгчдээс бүрдсэн төлөөлөгчид оролцлоо. Тус үйл ажиллагааг нээж Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг уншиж танилцууллаа.

Орхон аймаг нь 84.4 мянган га газар нутагтай бөгөөд үүнээс 46.3 мянган га нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар эзэлдэг. Үүний 5300 га нь тариалангийн талбай, 33700 га нь бэлчээр юм.Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 0.8 хувь нь хөдөө аж ахуйн салбарт бий болжээ.

Орхон аймгийн хувьд хүнсний брэнд бүтээгдэхүүн хомсдолтой байдаг бөгөөд нийт хэрэглээнийхээ дийлэнх хувийг бусад орон нутгаас авч байна. Ялангуяа талх, нарийн боовны хэрэглээнийхээ 70 орчим хувийг бусад орон нутгаас авдаг. Иймд одоо байгаа үйлдвэрүүдээ дэмжиж, аймгийнхаа хэрэгцээг бүрэн хангах зорилт дэвшүүлжээ. Мөн 7.1 сая литр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай гурван сүүний үйлдвэр  үйл ажиллагаа явуулж, сүү боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хүчин чадлын ашиглалт 10.4 хувьтай байна.

Орхон аймаг дунджаар 270,0 орчим мянган малтай бөгөөд хувийн 8 мал эмнэлгийн газар үйл ажиллагаа явуулж байна. Нийтдээ  50-иад аж ахуйн нэгж газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж жилдээ дунджаар 2000 гаруй тонн үр тариа, 5000 орчим тонн төмс, 4000 орчим тонн хүнсний ногоо хураан авч, 9000 орчим тонн хадлан бэлтгэдэг.

ОРХОН АЙМАГ МОДОО Ч ТАРИНА, ХҮНСЭЭ Ч ҮЙЛДВЭРЛЭНЭ

  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ амлалтаа давуулан биелүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ирэх 10 жилд 100 сая модыг тарьж, ургуулах амлалт авсан. Энэ хүрээнд Монгол Улсад анхдагч, ШУ-ны үндэслэлтэйгээр мод тарьж, ургуулах нөхцөлийг бүрдүүлсэн Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийг байгуулсан. Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон ажлын хэсгийн гишүүд тус бүтээн байгуулалттай танилцлаа.

1,000 тн үрийн агуулах бүхий Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв нь нэн ховор, ашигтай болон модлог ургамлын үрийн сан бүрдүүлэх, ойн генетик нөөцийг хадгалах, хамгаалах, туршилт, судалгаа хийх, тарьж ургуулсан ойн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлд үйл ажиллагаа явуулах юм. Үүнээс гадна “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн байгуулсан тус төв дан ганц “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд бус “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд ч томоохон ач холбогдолтой гэдгийг онцоллоо. Тухайлбал айл бүр хашаандаа хүнсний ногоог төрөлжүүлэн тарих боломжийг олгох Киргиз Улсын туршлагаар баталгаажсан “Food forest” төсөл хэрэгжүүлэхээр судалж байна.

  • Эрүүл мэндэд тустай үр тарианы ундааг Орхон аймгийн хэрэглэгчдэд түгээнэ

“Эрдэнэс”, “iEco” цэвэр усаар орон нутгийн хэрэглэгчдэд эчнээ танил болсон “Ранчо” ХХК нь 2020 оны нэгдүгээр сараас Олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001 стандартыг хэрэгжүүлж эхэлсэн 10 жилийн түүхтэй орон нутгийн үйлдвэрлэгч юм. Компанийн чанарын бодлогыг тодорхойлон гаргаж түүнийг хэрэгжүүлэн дэмжих зорилтуудыг  дэвшүүлж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Орхон аймгийн хувьд цэвэр усны борлуулалт өндөр байдаг тул тус компанийн үйл ажиллагаа өргөжих бүрэн боломжтой юм.

Мөн “Боза” үр тарианы ундааг үйлдвэрлэх франчайз компани гэдгээрээ онцлог. Тус бүтээгдэхүүн нь шинээр нэвтэрч буй технологийн тоног төхөөрөмжийг ашиглан эх орныхоо үржил шимт хөрсөнд ургуулсан үр тариа, тухайлбал хөх тариа, арвай, буудай зэргээр уснаас өөр юу ч нэмэлгүйгээр өндөр даралт, харьцангуй бага температурт боловсруулалт хийх замаар байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг хүн арддаа хүргэхийг зорьж байна.

  • Чанарын шаардлага хангасан монгол махыг дэлхийд түгээж байна

“Эрдэнэтмах Маркет” ХХК–ийн мах боловсруулах үйлдвэр нь мал төхөөрөх, мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2002 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд орон нутагтаа мах экспортлох “ААА” зэрэглэлийн итгэмжлэл бүхий анхны үйлдвэр болсон.

Мөн байгуулагдсан цагаасаа хойш  ОХУ-ын Хөдөө аж ахуйн хорио цээрийн газрын магадлан итгэмжлэлд тэнцэн мах болон дайвар бүтээгдэхүүнийг Евразийн эдийн засгийн холбооны орнууд болох ОХУ, Армени, Казахстан, Беларусь, Киргиз, булангийн орнуудад  экспортлох эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Хүн амыг эрүүл, гарал үүсэл тодорхой, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүнээр хангах зорилгын хүрээнд үйл ажиллагаандаа 2017 онд эгзэгтэй цэгийн хяналтын НАССР тогтолцоо, HALAL стандарт нэвтрүүлж, 2020 онд Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлж, 2 удаагийн магадлан аудитаар баталгаажсан үйлдвэр гэдгээрээ онцлог юм.

Орхон аймаг дахь “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлт амжилттай болж өндөрлөлөө.  Тус аймаг нь хүнс, хөдөө аж ахуйн салбараа эрчимжүүлэхээс гадна хүнс үйлдвэрлэгчдээ түлхүү дэмжиж, мэргэжилтэй боловсон хүчин бэлдэхэд онцгой анхаарна гэдгийг аймгийн Засаг дарга Г.Батжаргал илэрхийллээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн