ХАНБОГД КАШИМЕР КОМПАНИ МОНГОЛ НООЛУУРЫН ЧАНАРЫГ ДЭЛХИЙД ГАЙХУУЛЖ БАЙНА

Өнөөдөр Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан хөдөлгөөнүүдэд идэвхтэй нэгдэж буй Ханбогд Кашимер компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани нь байгуулагдсан цагаасаа эхлэн 25 жилийн хугацаанд самнасан ноолуурыг экспортлох чиглэлээр тэргүүлэгчдийн нэг болж чаджээ. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаль орчинд ээлтэй бизнесийн загварыг бий болгох чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Үүнээс гадна жилд 1000 тонн самнасан ноолуур боловсруулан, 200 мянган сүлжмэн бүтээгдэхүүн, 150 мянган ширхэг нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үндэсний үйлдвэрлэгч гэдгээрээ онцлог.

Тоног төхөөрөмжийн хувьд сүүлийн үеийн шинэлэг технологийг нэвтрүүлэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж,Англи, Итали, Хятад, Герман, Энэтхэг, Япон Солонгос гэх мэт 10 гаруй улсад экспортолж байна. Өнөөдрийн байдлаар 500 орчим хүнийг ажлын байраар хангадаг бөгөөд үүний 90 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Нийгмийн хариуцлагын хүрээнд өрх толгойлсон эмэгтэйчүүдийг түлхүү ажлын байраар хангахыг зорьж, тэднийг орон сууцжуулах, хашаа байшингаар хангах зэрэг нийгмийн асуудалд нь анхаарал хандуулдаг байна. Мөн эрүүл ногоон орчин бүрдүүлэхээр 3000 модыг орон нутагт болон шаардлагатай талбайд тарьж, ургуулж байна.

Дэлхийн хувцас загварийн салбарт монгол ноолуурын чанарыг гайхуулж, таниулахад ихээхэн үүрэг гүйцэтгэж буй тус компани нь томоохон брэндүүдийн загварын чиг хандлагыг тодорхойлдог Италийн нэрт дизайнеруудтай хамтран ажиллах урт хугацааны гэрээ байгуулан ажилладаж дэлхийн хувцас загварийн чиг хандлагатай мөр зэрэгцэн алхаж байна.

Цаашид хэрэглэгч болон ажилтнууддаа үнэ цэнийг бий болгосон, инноваци нэвтрүүлэгч, нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч, дэлхийд танигдсан чанартай ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани болох зорилготой юм. Энэ хүрээнд хувь хүний хөгжлийг эрхэмлэн, байгальд ээлтэй, аюулгүй үйлдвэрлэлийн орчинг бүрдүүлэн ажиллаж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн