Э.Гомбосүрэн: Үйлдвэрлэгчдэд бага хүүтэй, урт хугацаатай зээл олгох болсонд баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Хүнс сервис” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Хүнс сервис ХХК нь 2003 онд үүсгэн байгуулагдаж, хагас боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар хэрэглэгчдийн сэтгэл ханамжид нийцсэн 21 төрлийн жигнэж хэрчсэн гурил үйлдвэрлэж сургууль, цэцэрлэг, нийтийн хоолны газрууд болон сүлжээ дэлгүүрүүдэд нийлүүлж байна.

Мөн Эрүүл ахуй, ариун цэвэр, стандартын шаардлага хангасан орчинд зориулалтын багаж хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжөөр мэргэжлийн болон мэргэшсэн ажилтнууд чанар аюулгүй байдлын шаардлага хангасан, баталгаажсан технологийн зааврын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна.

Цар тахлын жилүүдэд хил, гааль хаасантай холбоотой зарим тоног төхөөрөмжөө шинээр авч чадахгүй байх, бараа бүтээгдэхүүнээ орон нутагт хүргэж чадаагүйн улмаас борлуулалт муудах зэрэг багагүй бэрхшээл тулгарч байжээ. Хэдий тийм ч үндэсний томоохон үйлдвэрүүдээс түүхий эдээ бэлтгэн нийлүүлж өөрийн зориулалтын агуулахад нөөцлөж, хэрэглэгчдээ хямд, чанартай, баталгаатай бүтээгдэхүүн хүргэхэд анхаарч ажиллажээ.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр:

“Хүнсний тухай хуулийн 3.1.2-т “хүнсний аюулгүй байдал” гэж хүн ам амьдралынхаа туршид чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсийг улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, газар зүйн байршлаас үл хамааран тогтвортой, хүртээмжтэй сонгон хэрэглэх боломж бүрдсэн байх тухай заасан байдаг. Гэвч монголчууд бид далд өлсгөлөн буюу шим тэжээлийн дутагдалд орсон гэдгийг салбарын хүмүүс хэлдэг. Дэлхий нийтийг хамарсан цар тахал болон, Орос Украйны дайн гэх мэт зүйлээс болоод хэзээ нэг өдөр ил өлсгөлөнд өртөх эрсдэл ч бий. Украйн бол хүнсний томоохон экспортлогч улс байсан. Иймд болзошгүй эрсдэл үүсэхээс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилга гарган эх орондоо хүнсний хувьсгал хийх буюу 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангаж, цаашлаад экспортлогч улс болох зорилготой “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн нь маш том манлайлал байлаа. Энэ хүрээнд 36-р тогтоолыг УИХ баталж, үндэсний үйлдвэрүүдээ бодлогоор дэмжих нөхцөл бүрдсэн. Бид жижиг, дунд, том гэж ялгалгүй бүхий л үйлдвэрлэгчидтэйгээ уулзаж асуудлыг нь сонсож байна. Учир нь тэдэнд өөр өөр асуудал тулгамдаж байгаа. Өнөөдөр л гэхэд 19 жил үйл ажиллагаагаа явуулж буй Хүнс сервис ХХК-ийн үйлдвэртэй танилцлаа. 36-р тогтоолын 5 дахь хэсгийн а заалтад “Мал аж ахуй, газар тариалангаас нийлүүлсэн хүнсний түүхий эдийг дотооддоо боловсруулах, бэлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, дотоодын зах зээлд борлуулсан чанар, эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангасан бүтээгдэхүүнд олгож байгаа урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох гэх заасан. Монголдоо анхдагч хэрчсэн, бэлэн гурил үйлдвэрлэгчдийн хувьд “Хүнс сервис” компанийн хамт олноос сурах, сонсох зүйл их байлаа.

“Хүнс сервис” ХХК-ийн Ерөнхий захирал Э.Гомбосүрэн:

Манай компани хүнсний үйлдвэрийн чиглэлээр стандартуудыг хэрэгжүүлэн, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг үйл ажиллагаандаа удирдлага болгон дотоод хяналтын лабораторитой ажилладаг. Мөн бид үйлдвэрээ хөгжүүлэх зорилготой ажиллаж байгаа бөгөөд олон улсын стандартад нийцсэн шинэ үйлдвэртэй болсноор өөрийн брэндийг бий болгож, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэн, хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага болох зорилт тавин ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдал  үндэсний хөдөлгөөний хүрээнд бага хүүтэй, удаан хугацаатай зээл олгох гэж байгаа юм байна. Манай үйлдвэрлэгчдийн нэн тэргүүнд тулгамддаг асуулыг бодитой шийдэж байгаад баяртай байна. Дийлэнх хүнс үйлдвэрлэгчид богино хугацаанд их ашиг олж чаддаггүй тул өндөр хүүтэй зээл авах нь маш их дарамт болдог. Энэ мэт асуудлуудаас гадна манай салбарыг томоор нь харж, бодлогоор дэмжиж байгаа нь маш сайшаалтай байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн