Тэс өөр дөрвөн хүний төгс зохицол “Өгөөмж архад” компанийг бүтээсэн нь

“Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн шинэ дугаарт 2000 оноос хойш үйлдвэрлэл, худалдааны салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулан, өсөн дэвжиж буй “Өгөөмж архад” ХХК-ийн хамт олон болон үүсгэн байгуулагчид оролцож, амжилт бүтээл, алдаа оноогоо дэнслэн, сонирхолтой яриа өрнүүллээ.

Мөн Глобал группийн Ерөнхийлөгч, Глобал Удирдагч Их Сургуулийн ТУЗ-ийн дарга, Үүсгэн байгуулагч,  Харвардын Их Сургуулийн Төрийн удирдлагын магистр, Пенсилваны Их Сургуулийн Боловсролын Удирдлагын докторант Б.Отгонбат зочин хөтлөгчөөр оролцлоо.

Өдгөө 23 жилийн босгыг давж буй “Өгөөмж архад” ХХК-ийг өнгөцхөн дүгнэвэл 150 гаруй хүнийг ажлын байраар хангаж, эрүүл, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн, ард түмэндээ үйлчилдэг, үлгэр жишээ хязгаарлагдмал хариуцлагатай компаниудын нэг. Гэвч тус хамт олонтой ярилцаж, ажлын орчинд нь хамт байх тусам эгэл жирийн хамт олон биш гэдгийг ойлгоно. Хамт олон гэхээсээ илүү гэр бүл шиг, ажил олгогч, ажилтан гэхээсээ илүү ах эгч, дүүс шиг нандин харилцаа тэдний дунд бий.  Энэ компанийн хувьд ажиллах хүчингээ тогтоох, чанартай боловсон хүчин бэлтгэх гол нууц нь өндөр цалин, хангамж, материаллаг зүйл бус гэр бүл мэт халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж чадсан явдал аж. Захирлуудыгаа эзгүй хойгуур нь санадаг, ирэхээр нь баярладаг, ахаа эгчээ гэж дотночилж дууддаг ажилчид байна гэхээр итгэмээргүй. Гэхдээ л ийм ховорхон, үлгэр жишээ хамт олон хэн нэгний хичээл зүтгэл, төлөвлөгөөгөөр бус, аясаараа бий болсон нь “Өгөөмж архад”-ынхан юм.

Олон салаа мөчиртэй, сүрлэг мод болон ургаж буй энэ гэр бүлийн үндэс нь “Өгөөмж архад” компанийг үүсгэн байгуулсан Д.Рэгзэндорж, Б.Батбаяр, Н.Энхжаргал, Н.Энхтуяа нар юм.

Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш худалдаа, наймаа эд дэлгэрч байх үед  тус гэр бүл хамтран хүнсний салбарт хүч үзэхээр болжээ. Анх бэлэн бүтээгдэхүүн авч борлуулж байгаад талх, нарийн боовны салбарт маш том зах зээл байгааг олж харан, өөрсдөө үйлдвэрлэдэг болсон байна. Тэс өөр зан чанартай, тэс өөр сонирхолтой дөрвөн хүн хамт ажиллах нь энэ бизнесийг уналтад оруулах бус харин ч эсрэгээрээ амжилтад хүргэсэн. Том эгч Н.Энхжаргал бол нягт, нямбай зантайгаас гадна, орлого зарлагыг чамбай тооцоолж, хуваарилна. Түүний нөхөр Д.Рэгзэндорж ямар ч хүний аргыг олох, хүнтэй харьцах чадвартай бөгөөд хийсэн бүтээгдэхүүнээ нэгийг ч үлдээхгүй зарчихдаг гоц авьяастай.

Бүтээгдэхүүний амт чанар, хөгжүүлэлтийг гэрийнхэн дундаа бүтээлч, юмханаар юм хийх чадвараараа гайхагддаг Н.Энхтуяа хариуцна. Харин түүний нөхөр Б.Батбаяр бол энэ хүмүүсийг нэгтгэдэг ноён нуруу нь бөгөөд техник технологитой холбоотой бүхий л ажлыг хийдэг.

2000 онд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байх үед Д.Рэгзэндорж, Б.Батбаяр нар бүтээгдэхүүнээ борлуулчихаад, буцахдаа худалдааны төвөөс түүхий эдээ үүрч ирдэг байж. Энэ үед ядрахдаа сууж амардаг байсан газарт нь одоогийн “Өгөөмж архад” компанийн үйлдвэр сүндэрлэжээ. Энэ мэтчилэн тэд 20 гаруй жилийн хугацаанд олон сайхан дурсамж, түүхийг бий болгосон юм.

Өрхөөс жижиг рүү, жижиг үйлдвэрээс дунд руу гэх энэ гуравхан үгний өөрчлөлтийн цаана маш их хүч хөдөлмөр, цаг хугацаа бий. “Энэ хугацаанд хүнсээ ч үйлдвэрлэж, хүнээ ч үйлдвэрлэж байна” гэж тэд хошигнон ярих дуртай. Учир нь энэ компанид ажилд ороод гэр бүл, үр хүүхэдтэй болсон 200 орчим ажилчид байдаг. Заримынх нь хүүхэд өсөж том болон “Өгөөмж архад” компанийн шинэхэн боловсон хүчин болсон гэв. Үүсгэн байгуулагчдын охид хөвгүүд ч том болон тэдний үйл хэргийг үргэлжлүүлэхэд бэлэн болжээ.

Тэдний охид болох Р.Ариунжаргал, Б.Анхтуяа нар дэлхийн хаана ч үнэлэгдэх чанартай боловсрол эзэмшсэн бөгөөд гаднын улсад ажиллаж амьдрахаас татгалзан Монгол Улсдаа ирж, гэр бүлийн бизнестээ ажиллаж эхэлжээ. Эцэг эхийнхээ уйгагүй хөдөлмөрийн үр шимд бий болсон энэхүү байгууллага, хамт олноо илүү их хөгжүүлж, монгол хүний ур ухаан, мэдлэгээр салбартаа тэргүүлэгч компани болгох нь тэдний зорилго юм. Тэд ажиллаж эхэлснээсээ хойш ISO 9001 ISO 22000 Олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх төслийг амжилттай  хэрэгжүүлж эхэлжээ.

Мөн тэд компанийн түүхийг хамт бичилцэж буй ажилтнуудтайгаа амжилт, үр дүнгээ хуваалцах дуртай. Шинээр гэр бүл болсон 30 ажилтанд санхүүгийн болон орон сууц авах дэмжлэг үзүүлэх, гадна дотнын их, дээд сургуульд сургах, нийт ажилтнуудад сар бүр гүйцэтгэлийн урамшуулал олгох зэрэг ажлыг тогтмол зохион байгуулжээ.

Тус хамт олны халуун дулаан уур амьсгалыг мэдэрч, амжилт бүтээлийн түүхээс урам зориг авахыг хүсвэл “Өгөөмж архад” ХХК-ийн оролцсон “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн шинэ дугаарыг ЕТВ-ээр хүлээн авч үзээрэй.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн