“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд үр дүнгүй ажилласан төрийн байгууллагад хариуцлага тооцно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-аас 36-р тогтоолыг батлан гаргасан бөгөөд тус тогтоолыг 30 гаруй төрийн байгууллага хамтран хэрэгжүүлэх юм. Эдгээр төрийн байгууллагууд хагас жил тутам хуралдаж, хийж буй ажлын үр дүнг хэлэлцдэг. Энэ хүрээнд 2 дахь уулзалтаа зохион байгууллаа.

Тодруулбал эх орныхоо хэрэгцээг 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр бүрэн хангаж, бүс нутагтаа экспортлогч улс болох зорилгыг биелүүлэхээр төрийн тэргүүний манлайлал дор УИХ, ЗГ, хэрэгжүүлэгч агентлагууд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд гэх мэт 30 гаруй төрийн байгууллага нэгдэж, Монголын ард түмнийг эрүүл аюулгүй, хүртээмжтэй хоол хүнсээр хангахад гар бие оролцож байна. Зөвхөн төрийн байгууллагууд гэлтгүй олон улсын байгууллага, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд хамтран ажиллаж, олон үр дүн гарсан.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний гол давуу тал нь төсөв, санхүү нь баталгаажсан байдал юм. Өнгөрсөн хугацаанд маш олон төсөл, бодлого шийдвэр гарч байсан ч санхүүжилт нь баталгаажаагүйн улмаас цаасан дээр үлддэг байв. Энэ алдаа давтагдахгүйн дээр гарсан шийдвэр бүр нь хурдтай хэрэгжиж, зорилтот бүлэгтээ өгөөжөө өгч эхэлжээ.

Үүний хамгийн том жишээ нь үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийн хамгийн их хүсэж байсан бага хүүтэй, урт хугацаатай зээл юм. Зээл олгож эхлээд 2 сар гаруй хугацаа өнгөрсөн. Аль хэдийн 231,6 тэрбум төгрөгний зээл эзэндээ очиж, 140 орчим тэрбум төгрөгний зээл олгохоор шийдвэр гарч, 400 орчим тэрбум төгрөгний зээлийг олгохоор судлаж байна.

Нийт 980 тэрбум төгрөгний зээл олгох шийдвэр гарсан ч, үүнийг зарим салбарын үйлдвэрлэгчдэд хүртээмжтэй болгох үүднээс 1.2 их наяд болгож нэмэгдүүллээ.

Мөн уулзалтын үеэр хэд хэдэн асуудлыг хөндөж, шийдвэрлэхээр ярилцлаа. Тухайлбал ХХААХҮЯ-ны зарим мэргэжилтнүүд ажилдаа хариуцлагагүй ханддаг, зээл олгож буй зарим арилжааны банкууд өөрсдийн өндөр хүүтэй зээлийг санал болгодог, хууль эрх зүйн шинэчлэл удаашралтай байна гэх мэт асуудлыг хөндсөн юм.

Үйлдвэрлэгчдээ дэмжих аргаар эх орны хүнсний хэрэглээгээ хангаж, экспортлогч улс болохын тулд нэн тэргүүнд чанар, стандартын шаардлага хангахад анхаарах ёстойг мөн дурдаж байв. Монгол Улсын хэмжээнд хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд зохистой дадлыг нэвтрүүлэхэд хүний нөөц хангалтгүй байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд Хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоолны салбарт ажиллах ажилчдыг сургах богино хэмжээний гэрчилгээ олгох сургалтыг мэргэжлийн түвшинд зохион байгуулах, Зохистой дадлын сургалтад суугаагүй, гэрчилгээгүй хүнийг тус салбарт ажиллуулахгүй байх хууль эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай гэж үзлээ.

Үйлдвэрлэгчид бол хүнсний салбарын үндэс юм. “Хүнсний хувьсгал” хийхийн тулд ЕТГ тус салбарын үндэс суурийг нь анхаарч байна. Нэг жилийн хугацаанд 100 гаруй үйлдвэрлэгч, 1000 гаруй баялаг бүтээгчидтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонссоны үр дүнд бодитоор хэрэгжиж эхлээд буй 24 шийдвэр гарсан. Тус 24 шийдвэр болон УИХ-ын 36-р тогтоолын хүрээнд хэрэгжүүлэх 114 арга хэмжээг илүү үр ашигтай байлгахын тулд төрийн байгууллагуудын идэвх зүтгэл чухал. Иймд хуралд оролцолгүй тасалсан, үр дүнгүй ажилласан, ахиц дэвшил гаргаагүй байгууллагын удирдлагад хариуцлага тооцох шийдвэр гарчээ. Зөвлөлдөх уулзалтад танилцуулсан илтгэл, хяналт шинжилгээний хэрэгжилтийн тайлангаас дүгнэхэд нийт арга хэмжээний 59,6 хувь хангалтгүй хэрэгжсэн байна. Иймд зарим төрийн багууллага идэвхгүй ажилласан гэж үзэн дээрх шийдвэрийг гаргажээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн