Ногоон бордуур нь Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт том сэргэлт бий болгоно

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Копиа монгол төв”-тэй хамтран Дархан-Уул аймагт ажиллалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн баримталж буй хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл хэмээх бодлогын суурь болох хөрсийг эрүүл байлгахад тус төвийн дэмжлэг, оролцоо их. КОПИА Монгол төв нь Бүгд Найрамдах Солонгос Улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар 2014 оноос эхлэн Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт нийт 20 орчим төслийг хэрэгжүүлжээ. Энэхүү төслүүд БНСУ-ын ХАА-н дэвшилтэт технологийг нутагшуулах, судалгаа шинжилгээний ажлыг санхүүжүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг чадавхжуулах чиглэлээр арвин үр дүн гаргаж байна.

Копиа монгол төвийн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буй томоохон төслийн нэг нь “Ногоон бордуурын таримал тариалж хөрсний үржил шимийг дээшлүүлэх төсөл юм. Хөрсний өгөөжит үржил шимийг дээшлүүлэх зорилгоор буурцагт болон бусад ургамлыг тариалж түүний газрын дээрхи иш, навч зэрэг ногоон массыг хөрсөнд булж бордох нь хөрсний физик химийн шинж чанарыг сайжруулан, улмаар хөрсний чийгийг нэмэгдүүлдэг байна. Хөрс ийнхүү эрүүлжсэнээр бидний хүнс тэжээлийн гол үүсвэр болох газар тариалан, мал аж ахуйн салбар ч эрүүлжих нөхцөл бүрдэнэ.

Дэлхийн нийт эдэлбэр газрын хөрсний элэгдэл байгалийн жамаар нөхөн сэргээгдэх хурдаас 80 дахин эрчимтэй явагдаж, хүн төрөлхтөн сүүлийн 100 гаруй жилийн дотор дэлхийн ойн сангийн 60 хувийг устгаж, эдэлбэр газрын 80 хувийг доройтолд оруулан,цэвэр усны нөөцийн 70 хувийг бохирдуулж, агаар мандалд шингэж задрахгүй хэдэн сая тонн хорт хийг ялгаруулан байгаль орчныг бохирдуулж байна.

Энэ эрчээрээ ирэх 10-30 жилд дэлхийн нөхцөл байдал эргэж сэргэх ямар ч боломжгүй болно гэжээ. Энэ цаг үед хөрс хамгааллын чухал арга хэмжээний нэг нь ногоон бордуур гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрч эхэлсэн. Иймд Копиа монгол төвийн санхүүжилтээр хэрэгжиж буй “ногоон бордуурын таримал тариалж, хөрсний үржил шимийг дээшлүүлэх” төсөл Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, ард түмний эрүүл мэндэд онцгой ач холбогдолтой юм.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Дархан-Уул аймагт ажиллах хугацаандаа Дэлхийн стандартыг эх орондоо нутагшуулах “Монгол бяслаг” үйлдвэрийн нээлтэд оролцлоо.

АПУ компани дуураймал бяслагийн импортын хамаарлыг бууруулж, органик бяслагаар дотоодын зах зээлийн 30 хувийг хангах зорилгоор 26 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтыг сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт хийж,энэхүү үйлдвэрийг барьжээ.

Монгол бяслаг” үйлдвэр ашиглалтад орсноорэдийн засгийн томоохон эргэлтийг бий болгож, Голланд, Швейцарь, Англи зэрэг улсуудын бяслаг үйлдвэрлэх технологиос Монгол үнээний сүүнд тохируулан Монголд бяслаг үйлдвэрлэх технологийг нутагшуулах юм.

Органик хөрсөнд тариалсан түүхий эдээр хийдэг, транс тос агуулаагүй, ханасан тосны агууламж бага гэдгээрээ дотоодын төдийгүй гаднын улсуудад үнэлэгдэж буй “Майнд Теч” ХХК-ийн үйлдвэр болон олон төрлийн жимс жимсгэнэ, хүнсний ногоо тариалж, аймгийнхаа хүнсний хэрэгцээнд хувь нэмэр оруулж буй өрхийн тариаланч Д.Оюунтунгалагийн хүлэмжийн аж ахуйд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр ажиллаж, санал хүсэлтийг нь сонслоо.

Дэлхий дахинд өлсгөлөн, шим тэжээлийн дутагдалд орсон хүн амын тоо эрс нэмэгдэж, улс орнууд хүнсээ нөөцөлж эхэлсэн энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч улс болох зорилготой “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлсэн. Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой бөгөөд хүнсээ, хүнээ эрүүл байлгая гэвэл хөрс эрүүл байх учиртай. Төрийн тэргүүний санаачилсан “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн, “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнүүд амжилттай хэрэгжсэнээр алсдаа улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хүн ардын эрүүл мэнд, амьдрах орчинг хамгаалах юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн