Ч.Даваабаяр: Монгол Улсын хүнсний салбарт гаргасан бодлогыг НҮБ-ын түвшинд сайшааж байна


НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы үеэр болсон Хүнсний форумд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр оролцсон юм. Түүнээс уг форумын хүрээнд яригдсан асуудал болоод дотоодын хүнсний салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар тодрууллаа.

-Тус форумын үеэр оролцогчид ямар асуудлыг чухалчилж авч үзэж байна вэ?

-НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы үеэр болсон Хүнсний форумд Монгол Улсаа төлөөлж оролцлоо. Энэ үеэр Ковид-19 цар тахал, санхүү, эдийн засгийн хүндрэл, геополитик болон усны хомсдол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүчин зүйлсээс хамаарч, дэлхий нийтээрээ 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилгыг биелүүлэх бололцоогүй нөхцөл байдал үүссэн. Хэрэгжилт тодорхой хугацаа буюу 5-10 жилээр ухрах шинжтэй болсон гэдгийг энэ үеэр хөндөж байсан

-Дэлхийн улс орны төлөөллүүдийн зүгээс үүсээд буй нөхцөл байдлын эсрэг, сайжруулах тал дээр ямар санал дэвшүүлэв?

-Сүүлийн үед дэлхий нийтээрээ үерийн улмаас ургацаа алдах, эсвэл ган гачгаас хамаарч хөрс хуурайших зэрэг сөрөг үр дагаврууд бий болж байна. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлт, хүнсний хангамж гэсэн энэ хоёр асуудал бол өөр хоорондоо салшгүй холбоотой. Тиймээс ногоон зээл олгох сонирхол хаана ч түлхүү болсон тул энэ тал дээр аж ахуйн нэгжүүдийг дэмжих зэргээр олон талт үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Манай улсын хувьд зөвхөн Хүнс, хөдөө аж ахуйн яам дангаараа биш байгаль орчин, эрүүл мэнд зэрэг бүх яам хамтарч ажилласнаар тогтолцоогоо шинэчлэх юм. Энэхүү шинэчлэлийг хийснээр бид ирэх 10 жилд хүнсний аюулгүй байдлыг 100 хувь хангана гэдэгт итгэлтэй байгаа. Тиймээс УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд төрийн 35 байгууллага хамтарч, Хүнсний хувьсгалыг хийх шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, Хүнсний хувьсгалыг хийх явцдаа тогтолцооныхоо шинэчлэлийг хийж байна гэж ойлгож болох юм. Манай улсын хувьд нийт ажиллах хүчний 50 хувь нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт ажилладаг. Тэдгээрийн 50 хувь нь эмэгтэйчүүд. Тиймээс эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих тал дээр олон төрлийн гарцыг эрэлхийлж буй.

-Хүнсний хувьсгалын хүрээнд төлөвлөсөн ажлын хэрэгжилт ямар түвшинд явж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг санаачилж, орон даяар хэрэгжүүлээд нэг жил зургаан сар болж байна. Одоогийн байдлаар бүх аймаг, сум Хүнсний хувьсгал хөдөлгөөний нээлтийг хийгээд, өнгөрөгч дөрөвдүгээр сарын нэгнээс аж ахуйн нэгжүүдэд бага хүүтэй, урт хугацаатай зээлийг олгож байна. Хүнсний үйлдвэрүүдийн оруулж ирж буй тоног төхөөрөмжийг 100 хувь хил гаалийн татвараас чөлөөлж байна. Монгол Улсын хүнсний хангамж, аюулгүй байдлыг шийдвэрлэх хүрээнд гаргасан бодлого, үйл ажиллагааг НҮБ-ын болон олон улсын түвшинд сайшааж байна.

Тоон үзүүлэлтээр хэлбэл, одоогийн байдлаар аж ахуйн нэгжүүд 450-иад тэрбум төгрөгийн зээл авсан байна. Үүнээс газар тариалангийн салбарт 150 тэрбум, хүнс үйлдвэрлэлийнхэнд 160-аад тэрбум, мал аж ахуйн салбарт 27 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Мөн гурван зуу гаруй тэрбум төгрөгийн зээл судлагдаж байна. Энэ намартаа багтаж 982 тэрбум төгрөгийн зээл олгоно. Бид шат дараатай арга хэмжээ авснаар ирэх таван жилийн хугацаанд 19 нэр төрлийн хүнсийг дотоодоосоо 100 хувь хангадаг болох, цаашлаад бүс нутагтаа экспортлогч орон болно гэсэн томоохон зорилт дэвшүүлсэн. Ер нь Хүнсний хувьсгалын хүрээнд төлөвлөсөн ажлууд хангалттай хэрэгжиж байгаа. Энэ жил гэхэд манай улс сүүлийн 30 жилд аваагүй ургац авах гэж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн