Эрүүл аюулгүй хүнсээр хангахын тулд дотоодын аж ахуй нэгж байгууллагуудтай байнгын уялдаа холбоотой ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчдэд эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл, гааль, татварын хөнгөлөлт, тоног төхөөрөмжийн хөнгөлөлт олгож байгаа.
Цаашлаад Хүнсний хувьсгалын хүрээнд улс эх орноо болоод дэлхий нийтийг эрүүл аюулгүй хүнсээр хангахын тулд дотоодын аж ахуй нэгж байгууллагуудтай байнгын уялдаа холбоотой ажиллах юм.
Энэ хүрээнд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр Үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр шинэхэн томилогдсон МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч Д.Энхтүвшинтэй уулзаж цаашид бодлогын түвшинд хэрхэн хамтран ажиллах тухай ярилцлаа.
МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Д.Энхтүвшин үүрэгт ажлаа аваад удаагүй байгаа. Түүний хувьд МҮХАҮТ-ын өнөөгийн үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод, үр дүнтэй болгон бизнесийн орчныг сайжруулан баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгчид болон нийт ААН-үүдэд хүртээмжтэй, өгөөжтэй байлгах, бизнес эрхлэхэд саад учирч буй хууль эрхзүйн болоод орчны нөлөөллийг засч залруулахад анхаарч ажиллана гэдгээ хэлж байгаа.
Ийнхүү МҮХАҮТ ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгалын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ.