Алхам бүрт хамт “Тод оймс ХХК”

Монгол Улсад импортын барааг үндэсний үйлдвэрлэлээр орлохын зэрэгцээ экспортын шинэ бүтээгдэхүүн бий болгож буй аж ахуйн нэгжүүд эдийн засгийн төрөлжилтийн бодит жишээ болсоор байна. Энэ жишгийн нэг нь 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттай “Тод оймс” ХХК юм. “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт тус компанийн үйлдвэрлэл, хөгжлийн замнал, хэрэглэгч төвтэй бодлого, экспортын амжилтыг онцлон хүргэлээ.

Нэвтрүүлгийн зочноор “Тод оймс” ХХК-ийн Ерөнхий захирал, МУАҮГА Б.Баяржаргал, Гүйцэтгэх захирал Н.Нандин-Эрдэнэ, “Тод кашмер” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ариунжаргал нар оролцож, үйлдвэрийн хөгжлийн үе шат, бүтээгдэхүүний онцлог, түүхий эдийн шинэчлэл, экспортын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулсан бол нэвтрүүлгийг “Баялаг бүтээгч” төслийн санаачлагч, МУСГЗ, доктор, профессор Ч.Даваабаяр хөтлөн үйлдвэрийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа.

“Тод оймс” компани 2011 онд ердөө 6 ажилтан, оймс сүлжих 8 машинтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Тухайн үед хамгийн том сорилт нь бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд таниулах, үндэсний үйлдвэрлэлд итгэх итгэлийг бий болгох байсан гэдгийг удирдлагууд онцолж байв.

Өнөөдөр тус компани 300 орчим ажилтантай, жилдээ 10 сая хос оймс, хоногт 40 мянган хос бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үндэсний томоохон үйлдвэр болон өргөжсөн байна. Үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэхийн зэрэгцээ автоматжуулалт, шинэ технологи, бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд тогтмол хөрөнгө оруулснаар дотоодын зах зээлд өрсөлдөхөөс гадна олон улсын зах зээлд гарах боломжоо бүрдүүлжээ.

Оймс өнөөдөр зөвхөн өдөр тутмын хэрэглээ биш, хувь хүний хэв маяг, өөрийгөө илэрхийлэх нэгэн соёл болж өөрчлөгджээ. Энэхүү өөрчлөлтийг хамгийн түрүүнд мэдэрч, бүтээгдэхүүндээ шингээсэн компаниудын нэг нь “Тод оймс” юм.

Тус компани хүүхэд, залуус, насанд хүрэгчид, ахмадуудад зориулсан нимгэн, зузаан, зурагтай, зураггүй, спортын, уулын аяллын, гүйлтийн, сагсан бөмбөгийн, иогийн зэрэг зориулалтын олон төрлийн оймс үйлдвэрлэдэг. Ялангуяа хэрэглэгчдийн дунд хамгийн их танигдсан бүтээгдэхүүн нь “Ярьдаг оймс” болжээ.

Шинэ загвар боловсруулахдаа сошиал хуудсаараа дамжуулан хэрэглэгчдээсээ “дараагийн оймсон дээр ямар үг бичих вэ?” гэсэн санал авч, хамгийн олон санал авсан санааг бүтээгдэхүүн болгон хөгжүүлдэг нь хэрэглэгчээ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн нэг хэсэг болгосон шинэлэг арга юм. “Эгчийгээ юугсийн”, “Орой яах юм бэ” зэрэг хөгжилтэй бичигтэй оймснууд хамгийн өндөр борлуулалттай бүтээгдэхүүний тоонд багтаж байна.

Компанийн үйлдвэрлэлийн гол түүхий эд нь 100 хувийн хөвөн даавуу бөгөөд дулаан оймсны үйлдвэрлэлд монгол малчдаас нийлүүлсэн хонины ноос, тэмээний ноос, сарлагийн хөөвөр, ямааны ноолуур ашигладаг.

2024 оноос эхлэн тус компани түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор малчдаас ноос, ноолуурыг шууд худалдан авч, боловсруулах, самнах, ээрэх, сүлжих иж бүрэн үйлдвэрээ ашиглалтад оруулсан нь үйлдвэрлэлийн дараагийн шатны томоохон хөрөнгө оруулалт болсон юм. Энэхүү үйлдвэр нь хоногт 300 кг ноос самнаж, 600 кг утас ээрэх хүчин чадалтай бөгөөд түүхий эдийн өртгийг Монголдоо шингээх боломжийг нэмэгдүүлжээ.

Үүний үр дүнд бүтээгдэхүүний чанар, нийлүүлэлтийн тогтвортой байдал сайжирч, импортын утаснаас хараат байдлыг бууруулах шинэ боломж бүрдсэн байна.

“Тод оймс”-ны бүтээгдэхүүн бүр зөвхөн өнгө, дизайн төдийгүй хүний биеийн онцлог хэрэгцээнд тулгуурласан шийдэлтэй байдаг.

Тухайлбал, уулын оймсны хувьд хөлийн нумыг тогтвортой барих шахалттай бүтэц, ачаалал их авдаг хэсгүүдийн нэмэлт зөөлөвч, агаар солилцооны торон бүтэц, шагайн хамгаалалт зэрэг инженерийн шийдлүүдийг тусгасан байдаг. Харин өдөр тутмын хэрэглээний оймснууд чийг татахгүй, хөл хөлөргөхгүй, агаар сайн нэвтрүүлдэг бүтэцтэйгээрээ хэрэглэгчдийн итгэлийг хүлээжээ.

Дотоодын зах зээлээс дэлхийн 16 улс руу

Үйл ажиллагаагаа эхлэх үед брэндээ таниулах нь хамгийн том зорилго байсан бол өнөөдөр “Тод” брэндийг мэдэхгүй монгол хүн ховор болсон гэж хэлж болно.

Одоогоор компани бүтээгдэхүүнээ Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хотуудад байрлах өөрийн нэрийн дэлгүүрүүд болон худалдааны сүлжээгээр борлуулахаас гадна ОХУ, Казахстан, БНСУ, Япон, АНУ, Герман, Франц зэрэг нийт 16 улсад экспортолж байна.

Мөн албан ёсны мэдээллээр тус компани Монголын оймсны дотоодын зах зээлийн 60 орчим хувийг дангаараа хангаж байгаа нь үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадвар ямар түвшинд хүрснийг харуулж байна.

Компанийн хөгжлийн дараагийн алхам нь зөвхөн оймсны үйлдвэрлэлээр хязгаарлагдсангүй. Ноос, ноолуурын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор “Тод кашмер” ХХК-ийг байгуулж, бүх төрлийн ноолууран хувцас үйлдвэрлэн экспортын нэр төрлөө өргөжүүлжээ.

Энэ нь түүхий эдээ зөвхөн боловсруулаад зогсохгүй, эцсийн бүтээгдэхүүн болгон дэлхийн зах зээлд гаргах урт хугацааны стратегийн нэг хэсэг болж байна.

Монгол Улсын нийт экспортын дийлэнхийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлдэг хэвээр байгаа энэ үед боловсруулах үйлдвэрлэлээс бий болж буй экспортын бүтээгдэхүүн бүр эдийн засгийн төрөлжилтөд онцгой ач холбогдолтой.

  

“Тод оймс” ХХК-ийн жишээ нь малчдын бэлтгэсэн түүхий эдийг Монголдоо бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингээн, олон улсын зах зээлд өрсөлдөх бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бодитойг харуулж байна. Малчин, үйлдвэрлэгч, инженер, дизайнер, борлуулагч зэрэг үйлдвэрлэлийн гинжин хэлхээнд ажиллаж буй олон мянган хүний хөдөлмөрөөр бүтсэн эх орны баялаг.

Үндэсний үйлдвэрлэгчид чанараа сайжруулж, хүчин чадлаа нэмэгдүүлэн дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжоо улам тэлж байгаа энэ үед дотоодын бүтээгдэхүүнээ сонгон хэрэглэж, үйлдвэрлэлээ дэмжих нь Монголын эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, экспортын орлогыг өсгөх хамгийн бодит хөрөнгө оруулалт гэдгийг “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар онцлон харууллаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн