Агаарын бохирдол хүүхдийн уушги, тархины хөгжилд маш муугаар нөлөөлж байна

Агаарын бохирдол бол манай улсын тулгамдсан асуудлын нэг. Азийн бусад орнуудыг бодвол хүн ам цөөн, өргөн уудам нутаг дэвсгэртэй хэдий ч дэлхийн хэмжээнд агаарын бохирдол ихтэйгээрээ манай улс тэргүүлж байна.

Манай улсын нийт хүн амын эрүүл мэндэд хамгийн их аюул заналхийлж байгаа зүйл бол агаарын бохирдол. Ялангуяа гадны агаарын бохирдол улаанбаатар хотод амьдардаг хүүхдүүдийн хувьд орчны хамгийн том эрсдэл болсон. Статистикийн мэдээллээр сүүлийн 10 жилийн хугацаанд 10 мянган хүнд ногдох амьсгалын замын өвчлөл огцом нэмэгдэж, 2.7 дахин өссөн гэсэн тооцоо байна. Өнөөдрийн байдлаар уушгины үрэвсэл 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 2 дахь шалтгаан болжээ. Мөн улаанбаатар хотын агаарын бохирдол өндөртэй төв дүүрэгт амьдардаг хүүхдүүдийн уушгины багтаамж хөдөө орон нутагт оршин суудаг хүүхдүүдийнхээс 40 хувиар бага байгааг эрдэмтэд онцолж байна.

ДЭМБ-ын мэдээлснээр агаарын бохирдол нь архаг өвчлөл, хавдрын томоохон эрсдэлт хүчин зүйл болж, өдгөө гадаад болон дотоод орчны агаарын бохирдолтой орчинд 50 сая хүн амьдарч байна гэсэн судалгаа бий. Харамсалтай нь жил бүр тэдний 3.1 сая нь наснаасаа эрт хорвоог орхидог. Манай улсын хувьд Нийслэлийн хүн амын амьсгалын замын өвчлөлийн 53 хувь, зүрх судасны өвчлөлийн 20 хувь, уушигны хавдрын 40 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй гэх судалгаа бий. Харин нийт нас баралтын 34 хувь нь агаарын бохирдлоос шалтгаалж байна.

Хэдэн арван сая хүн амтай бээжин, дели, токио зэрэг хотуудын хувьд асар эрчимтэй хөгжиж байгаа үйлдвэржилттэй холбоотойшоор агаарын бохирдол бий болдог. Тэд хүн амын хамгийн их төвлөрсөн хэсэг болох нийслэлээсээ хүнд аж үйлдвэрээ нүүлгэн шилжүүлэх болон захиргааны арга хэмжээ авснаар утаагаа багасгаж чадсан. Харин улаанбаатар хотод томоохон хэмжээний хүнд үйлдвэрүүд байхгүй. Хүн амын төвлөрөл, гэр хорооллын айл өрхүүд, дэд бүтцийн хөгжил муугаас ийнхүү бид агаарын бохирдлын асуудлаас салж чадахгүй байна. Агаарын бохирдол иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн ноцтой зөрчин, амьдралын чанарыг бууруулж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн