Хотын иргэдэд модны сүүдэр ч олдохгүй боллоо.

Хотын иргэд модны сүүдэрт сууж,цэвэр агаараар амьсгалж,навчний чимээ сонсох эрхгүй болж байна. Тухайлбал алга дарам газарт ч барилга баригдаж,ногоон байгууламж гэх зүйл огт байхгүй болж байгааг иргэд бухимдалтай байна.

Хотын иргэд хаяа залгасан өндөр барилгуудын завсар зайгаар өдрийн нарыг цөөн харах болж, барилгууд дундах нарийн замдаа түгжирч, хүүхдийн тоглоомын талбай нэртэй хоёр гулсуур,гурван сандал дээр багталцахгүй бухимдаж байна. Өөрөөр хэлбэл алга дарам зай л олдвол барилга байшин барьсаар эцэстээ хотын иргэдэд сүүдэрт нь суух мод,цэвэр агаараар амьсгалж,хүүхдүүдээ дагуулан алхах ногоон байгууламж гэж бараг л үлдсэнгүй. Үүний нэг жишээ нь ХУД-ийн 15-р хороо буюу Энхтайвны гүүрний зүүн хэсэг.

Энэ хэсэг сүүлийн жилүүдэд эрчимтэй барилгажсан. Одоо төв цэнгэлдэхийг тойрсон хэдэн модноос өөр ногоон байгууламж ойрд орчимд нь үлдээгүй. Тиймээс ч эндхийн оршин суугчид төв цэнгэлдэхийн тойрсон моднуудын сүүдэрт хүүхдүүдээ салхилуулдаг. Хотын хөгжлийг юугаар тодорхойлох вэ? Шил шилээ дарсан өндөр барилгуудаар уу? Эсвэл иргэдийн аятай,тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн ногоон байгууламжтай,тохижилтоор уу? Уг нь барилга барьсан ч ногоон байгууламжаа хадгалж үлдэх ёстой байсан. Тэгж байж жинхэнэ утгаараа иргэдэд ээлтэй хөгжил сайтай хот болох байлаа. Харамсалтай нь хотын газар лангуун дээрхи талх,хиам шиг зарагдсаар эцэстээ иргэдэд модны сүүдэр ч олдохоо больчихоод байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн