Хогын цэгээс цэцэрлэгт хүрээлэн болсон ‘Ногоон нуур’ хүүхэд, жуулчдын хөлд дарагдаж эхэлжээ.

Өмнө нь өмхий ханхалсан хогын цэг байсан газар “Ногоон нуур”цэцэрлэгт хүрээлэн болжээ. Ногоон нуур цэцэрлэгт хүрээлэнд гэр хорооллын хүүхдүүдээс гадна гадаадын жуулчид олноор зочилдог болжээ.

Ногоон нуур гэх өнгө алаглаж,шувууд жиргэж навч сэрчигнэсэн энэ цэцэрлэгт хүрээлэн өмнө нь хайрга чулууны карерь,хур хогийн цэг байсан байсан гэвэл итгэх хүн ховор. 1946-1970 он хүртэл Сүхбаатарын талбай,хотын төв замын хайрга чулууг бэлтгэдэг карерь байсан бөгөөд япон цэргүүд,хоригдлууд ажилладаг байсан. Улмаар 1990 оноос хойш өмхий ханхалсан хур хогийн цэг болж хувираад байсныг 2012 оноос иргэн С.Өлзийтогтохын гэр бүл арчилж, 2 жил хур хогийг нь цэвэрлэсний дараа ус доороосоо ундарч, эцэст нь өнөөдөр бидний харж байгаа Ногоон нуур гэх энэхүү цэцэрлэгт хүрээлэн бий болсон юм.

Эгц хадан дунд орших энэ нуурын эргэн тойрон 19 төрлийн мод бут ургаж байна. Модны чимээ,шувуудын жиргээ сонсонгоо нуурын усанд хүүхдээ тоглуулах нь хотын иргэдийн хүсдэг цөөхөн зүйлсийн нэг. Мөн улаанбаатарыг сонирхохоор ирсэн жуулчдын маршрутанд нэг шинэ газар нэмэгдэж байгаа нь энэ. Мөн энэ жилээс нуурын усны түвшин эрс нэмэгдэж, хоёр ангир зугаалах болсныг С.Өлзийтогтохын гэр бүл баяртайгаар хэлж байлаа.

Ногоон нуурын тохижилтонд С.Өлзийтогтохын гэр бүл өөрсдөө 80 гаруй сая төгрөг зарцуулаад байгаа бөгөөд өнгөрсөн 4 сард нэмэлт засвар хийснээ дуулгалаа. Одоо 21 ширхэг завь,лего тоглоомын төв,хөгжмийн сургалтын танхим,ширээний теннис,хотын бүрэн толидох өндөртэй болжээ. Гэхдээ цаашид дутуу зүйлс ч олон байгааг хэлж байлаа. Наанадаж цэцэрлэгт хүрээлэн дундах зам,шатнуудыг илүү бат бөх болгох, ногоон нуурлуу очих хороолол дундах замыг янзлах гээд дэмжлэг туслалцаа зайлшгүй хэрэгтэйг байгааг хэлж байсан юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн