Р.ЭРДЭНЭБАЯР: РОЯЛТИЙН ТӨЛБӨРИЙГ МОНГОЛ УЛС ШИГ ДАВХАРДУУЛЖ АВДАГ ӨӨР НЭГ Ч УЛС БАЙХГҮЙ

Монголчууд газрын хэвлийд буй ашигт малтмалыг баялаг гэж ойлгодог. Гэтэл жинхэнэ баялгийг бий болгодог хүмүүс бол энэ салбарт  бүтээн байгуулалт хийж, олборлож, боловсруулж буй хүмүүс юм. Эдгээр хүмүүсгүйгээр баялаг бий болж чадахгүй. Ялангуяа Монгол Улсын эдийн засгийг чирж яваа салбарын хувьд дээрх хүмүүс энэ улсын цохилох зүрх гэж ойлгоход буруудахгүй биз.

Тиймээс “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн хамт олон Дархан-Уул аймгийг зорин олборлосон ашигт малтмалыг боловсруулан нэмүү өртөг шингэсэн, ажлын байр ихээр бий болгосон, аймаг, орон нутгийнхаа ЖДҮҮ, бизнес эрхлэгчдийг дэмжсэн үйл ажиллагаа явуулдаг “Ганбөмбөлөг ундрага” ХХК-ийн Захирал Р.Эрдэнэбаяр болон Хүнд үйлдвэрийн эрдэс холбоо ТББ-ын гишүүдийг нэвтрүүлэгтээ урьж оролцууллаа.

“Ганбөмбөлөг ундрага ХХК нь 300 орчим тогтмол ажлын байр бий болгож, Дархан-Сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийн олборлосон хүдрийг нойтон соронзон аргаар баяжуулан төмрийн нойтон баяжмал, хорголжин баяжмал үйлдвэрлэх, бүтээгдэхүүнийг экспортлох бүс нутагт металлургийн үйлдвэрийг хөгжүүлж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж нэмүү өртгийг бий болгох зорилготой үйл ажиллагаа явуулахаас гадна нийгмийн хариуцлагын хүрээнд Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах, орон нутгийн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, бүс нутгийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа явуулж БАЙСАН.

Байсан гэдгийн учир нь энэ үйлдвэр үйл ажиллагаагаа 100 хувь зогсоож байна. Зөвхөн “Ганбөмбөлөг ундрага” ХХК-ийн үйлдвэр бус адил төстэй үйл ажиллагаа явуулдаг бүх үйлдвэр дампуурлаа зарлан, хаалгаа барьж, сургаж, мэргэшүүлсэн ажилчид нь гаднын улсыг зориход хүрчээ. Уул уурхайн салбарт олборлохоосоо боловсруулах нь бага байдаг тул мэргэжилтэй боловсон хүчин дутмаг. Иймд үйлдвэрүүд өөрсдөө бэлтгэн, бусад улсаас туршлага судлан ажилчдаа мэргэшүүлж байв. Харин одоо тэр бүх хичээл зүтгэл үнэгүйджээ. Боловсруулах салбар бүхэлдээ дампуурсан учир эдгээр залууст сурсан мэдсэнээ дахиж эх орныхоо хөгжилд зориулах боломж гарахгүй нь.

Энэ бүх эмгэнэлтэй, бас гунигтай үйл явдал 2019 оноос эхлэлтэй. Уул уурхайн яамны судалгаагаар 92 орчим баяжуулах үйлдвэр байдаг. Манай улсын экспортын 90 гаруй хувийг ашигт малтмалын экспорт эзэлдэг бөгөөд түүний дөнгөж 5 хувийг баяжуулж, боловсруулж экспортод гаргадаг. Гэтэл одоо тооцоо судалгаагүй төр засгийн шийдвэр, эрх зүйн зохицуулалтын улмаас 5 биш 0 хувь болоход хүрчээ. Өөрөөр хэлбэл 2019 онд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орж Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, Ашигт агуулгыг нэмэгдүүлж баяжмал бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдсан хуулийн этгээд, ашигт малтмал экспортолсон этгээд байхаар тусгасан байна. Олон улсад “Роялти” гэж нэрлэдэг энэхүү зөвшөөрлийн төлбөрийг ингэж давхардуулж авдаг НЭГ Ч УЛС БАЙХГҮЙ. Үүнийг Дэлхийн банкны 110 орчим орны Роялтийн судалгаанаас харж болно.

Бүр нарийн тайлбарлавал АМНАТ-ийг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй этгээд төлдөг байсан бол нэмээд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компаниудаас түүхий эд худалдан авдаг боловсруулах үйлдвэрүүд төлдөг болжээ. Тухайн үед Ашигт малтмалын тухай хуулийн 47.7-д хүдэр, баяжмал, бүтээгдэхүүнд давхардуулж АМНАТ ногдуулж болохгүй гэсэн заалтыг өөрчлөн өмнөх шатанд төлсөн АМНАТ-ийг хасдаг болсон учир давхардалгүй болсон гэж ойлгуулан, УИХ-ын гишүүд ч баталжээ. АМНАТ-ийг НӨАТ-тай адил төсөөлж болохгүй, татвар төлөгчдөд маш хүндрэлтэй болно гэдгийг зарим мэргэжилтнүүд, албан тушаалтнууд сануулсаар байтал энэ бодлого шийдвэр хэрэгжиж эхэлсэн.

Нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн ЗГ-ын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрөөс эхлээд Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөр, Ерөнхийлөгчийн “Олборлолтоос-Боловсруулалтад”, Шинэ сэргэлтийн бодлогын “Аж үйлдвэржилт” гэх мэт олон хөтөлбөр баялаг бүтээгчдээ, хийж бүтээж байгаа хүмүүсээ дэмжинэ гэсэн агуулгатай байдаг. Харамсалтай нь эдгээр бодлого шийдвэр хүдэр боловсруулах үйлдвэрүүд болон тэдний мянга мянган ажилтнуудад хамааралгүй зүйл бололтой.

Эдгээр баялаг бүтээгчдийг золиосонд гаргаснаар Монгол Улсад хүнд үйлдвэр хөгжихгүй, ажлын байр нэмэгдэхгүй, ядуурал буурахгүй, Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй, валютын орлого нэмэгдэхгүй. Гадаадын хөрөнгө оруулагчид аль хэдийнээ нүүр буруулж нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийхгүй байгаа гэдгийг хүдэр боловсруулагчид хэлж байв. Ийнхүү АМНАТ-ийг авахдаа хүдэр боловсруулагчдын олсон орлогоос хэд дахин нугалж авч байгаа нь хүнд үйлдвэрийн салбарт маш том ухралт болжээ. Өөрийн ордгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд АМНАТ нь өмнөх шатанд төлөгдсөн агуулга багатай төмрийн болон жоншны хүдэр, түүхий нүүрсийг НӨАТ-тай үнээр худалдан авч баяжуулан угаагаад, асар өндөр тээврийн зардлаар тээвэрлэн экспортлоход олон улсын зах зээлийн үнээр буюу 107 хувь илүү үнээр борлуулсанд тооцон, дахин АМНАТ ногдуулж байгааг Хүнд үйлдвэрийн эрдэс ТББ-ын гишүүд эсэргүүцэж, хөл хүрэх бүх газраа очсон ч ямар ч үр дүнд хүрэлгүй өнөөдөр бүгд хаалгаа барьжээ.

Хууль гэдэг хэсэг бүлэг хүмүүст зориулсан бүтээгдэхүүн биш. Ард түмний төлөө, тэдний ашиг сонирхлоос бүрдсэн, нийгмийн амьдралын объектив тусгал болсон зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ бодит байдалтай нийцэхгүй хуулийн заалтыг өөрчилж чадвал цэвэр кокс, ган, ширэм, хорголжин, жоншны хүдрээс төрөл бүрийн бүтээгдэхүүн хийх төсөлтэй хэд хэдэн компаниуд байгаа юм.Гэвч төсөв бүрдэхгүй байна гэх шалтгаанаар бүхэл бүтэн хүнд үйлдвэрийн хөгжлийг хойш нь татаж байна.

Төр засаг буруу шийдвэр гаргаснаар хийж бүтээж, баялаг бүтээж буй хүмүүс хэрхэн хохирч болдог гэдгийг “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн хамт олон нүдээр үзэж, “Ганбөмбөлөг ундрага” ХХК-ийн хамгийн сүүлийн хаалгыг хааж, лацдууллаа. Энэ хаалга дахин онгойхгүй ч байж мэднэ.

 

 

СЭТГҮҮЛЧ Б.УРАНТУЯА

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн