Нэг бүтээгдэхүүн зарахын төлөө хоорондоо өрсөлдөх үү, нэлээн хэдэн бүтээгдэхүүн экспортлохын төлөө хамтрах уу

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Баялаг бүтээгч-бизнес тур” ээлжит аялал зохион байгуулагдаж, үндэсний үйлдвэрлэгчид “Айсмарк” ХХК, “Витафит” ХХК, “Өгөөж-чихэр боов” ХХК-иудад зочиллоо. Мөн энэ өдөр үйлдвэрлэгчид  “Айсмарк” ХХК монголын анхны зайрмаг экспортлогч болж буй түүхэн мөчийн гэрч болсон юм.

Нийт аяллын хүрээнд давхардсан тоогоор 300 гаруй үйлдвэрлэгч хүнсний чиглэлийн 14, хөнгөн үйлдвэрлэлийн 6, боловсруулах салбарын 1 үйлдвэртэй танилцан, 9 төрийн байгууллага, 4 олон улсын байгууллага, 5 банк санхүүгийн байгууллагын төлөөллүүдээс сургалт, мэдээлэл авч, амралтын өдрүүдээ үр дүнтэй өнгөрүүлсэн юм.

Тухайлбал аяллын үеэр 20 орчим үйлдвэрлэгч албан ёсоор хамтран ажиллах гэрээ байгуулан, эхний бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэгдэж эхэлж байна. Мөн автобус доторхи сургалт, мэдээлэл үр дүнгээ өгч, “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд олгож буй бага хүүтэй, урт хугацаатай зээлд хамрагдсан үйлдвэрлэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Одоогоор Хаан банкад 400 орчим тэрбум төгрөгийн 1500 зээлийн хүсэлт ирснээс 150 тэрбум төгрөгийн зээлийг шийдсэн бол Голомт банкад 130 тэрбум зээлийн хүсэлт ирж, олголт хийж байна гэх мэдээлэл өгсөн юм. Мөн аялалд хамрагдсан олон улсын байгууллагууд Монгол Улсын үйлдвэрлэгчдийн мэдлэг туршлага, нөөц бололцоог нүдээр үзэж, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ төрлийн дэмжлэг туслалцаагаа нэмэгдүүлэхээр ажиллаж эхэлжээ.

Аялалд хамрагдсан үйлдвэрлэгчдийн хамгийн их онцолж хэлсэн зүйл нь –” Өмнө нь бид үргэлж өнөө маргаашаа харж, хоорондоо, тогоон дотороо л өрсөлддөг байсан. Харин “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд зохион байгуулж буй ажлууд биднийг нэгтгэж, амь нэгтэй болгож байна. Нэг бүтээгдэхүүн зарахын төлөө хоорондоо өрсөлдөх биш дотоодын хэрэгцээгээ хангаж, дэлхийн зах зээлд гарахын төлөө хамтрах ёстой гэдгийг ойлгож эхэллээ” гэж байв.

Эдийн засаг, нийгэм, бизнесийн орчин, улс төр гээд олон салбарт хэрэглэгдэж буй “Тоглоомын онол”-д байдаг нэг чухал ойлголт бий. Тодруулбал бид нэг зорилгын төлөө хамтарч, нэгдэж ажиллах тусам илүү үр дүнд хүрэх,эдлэх эрх ашгаа нэмэгдүүлж чаддаг. Харин амиа бодож,хувийн тоглолт хийх тусам алдагдалтай байдаг гэх ойлголт юм. Энэ нь зөвхөн онол төдий биш бөгөөд бодит амьдралд туршигдан, үр дүнгээ өгсөн чадварлаг бизнес эрхлэгч, улс төрчдийн төдийгүй хөгжлөөр тэргүүлэгч улс орнуудын гол баримтлах зарчим болжээ.

ЖИШЭЭ 1: Нутаг дэвсгэр багатай, байгалийн баялаггүй, хүн ам ихтэй, байнгын цаг агаарын эрсдэлт нөхцөлд байдаг Япон улс 1945 оны 8 сард Дэлхийн Хоёрдугаар дайн дууссаны дараа бүгдийг хасах цэгээс эхэлсэн. Гэвч оновчтой бодлого, нэгдмэл байдлын хүчээр 100 хүрэхгүй жилийн хугацаанд том эдийн засгийн гүрэн болж чаджээ.

ЖИШЭЭ 2: 30 жилийн өмнө 100 ам доллар хүрэхгүй ДНБ-тэй, кимчинээс өөр үйлдвэргүй байсан БНСУ өнөөдөр хөгжлийн загвар орон болжээ. Япон улстай харьцуулахад дотоодын чадварлаг боловсон хүчин байхгүй учраас үндэстний хэмжээний корпорацуудыг бий болгож, түүгээр дамжуулан эдийн засгаа босгох, ард түмнээ, хөдөлмөрч, нэгдмэл байлгахад бүх анхаарлаа хандуулж ажилласан гэж үздэг.

Иймд “Баялаг бүтээгч- бизнес тур” аяллын нүдэнд харагдаж, гарт баригдахгүй ч хамгийн том үр дүн нь үйлдвэрлэгчдийн нэгдмэл байдал юм. Хэдий нийгэм, цаг үе өөрчлөгдөж, өмнөх зүйлс ард хоцорсон ч хамтарч ажилласан, нэгдмэл байгаа бүх зүйл амжилтад хүрдэг дүрэм одоо ч үйлчилсээр байна.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр:

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг УИХ-ын чуулганы индэрт зарлан эхлүүлснээс хойш нэг жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд бид өдөр бүрийг үр бүтээлтэй байлгаж, эх орондоо “Хүнсний хувьсгал” хийх зорилгодоо нэг алхам ч болтугай ойртохоор шаргуу ажиллацгаалаа. Ингэхдээ 30 гаруй төрийн байгууллага, 10 гаруй олон улсын байгууллага, аж ахуйн нэгж, хувийн хэшлүүд, үйлдвэрлэгчидтэй хамтарч, нэгдэж ажилласан нь чамлахааргүй их үр дүнд хүргэсэн. Одоо харин нийт ард түмний дэмжлэг, оролцоо үгүйлэгдсэн хэвээр байна. Энэхүү “Баялаг бүтээгч-бизнес тур” аялал бидний яг л зорьж, хүсэж байсан үр дүнг гаргасанд баяртай байгаагаас гадна ирэх 9 сараас илүү өргөн цар хүрээтэй дахин зохион байгуулахаар төлөвлөсөн. Зуны хамгийн сүүлийн аяллаараа бид хамтдаа ярилцаж, алдаа оноогоо дэнслэн, оролцогчдынхоо саналыг сонссон. Тэдний хэлсэн санал, хүсэлтийг дараагийн үйл ажиллаагаандаа шингээж ажиллах төлөвлөгөөгөө урьдчилсан байдлаар гаргаад байна.

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны Ахлах зөвлөх Б.Гандулам:

“Баялаг бүтээгч-бизнес тур” аялалд үйлдвэрлэгчдийн хамт оролцож, олон сайхан үйл явдлын гэрч боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-аас 36-р тогтоолыг батлан гаргасан. Энэ тогтоол батлагдсанаас хойш манай байнгын хороо ЕТГ-тай тогтмол хамтран ажиллаж, хэд хэдэн үйлдвэртэй танилцан, бодлого шийдвэрт тусгасан. Тухайлбал мах, махан бүтээгдэхүүний, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн, арьс шир боловсруулах үйлдвэрлэл гээд нийт 10 гаруй үйлдвэрт очиж, хамтран ажилласан. Энэ удаагийн аялал илүү чөлөөтэй, нээлттэй байгаагаараа онцлог байна. Цаашид ч бид “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд хамтран ажилласаар байх болно.

“Эко эрдэнэ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Мишээл:

“Хүнсний хувьсгал” хэрэгжиж эхэлснээр үйлдвэрлэгчдийн нүд нээгдэж байна. Миний хувьд компаниа төлөөлөн энэ бизнес аялалд идэвхтэй оролцож байгаа. Том үйлдвэрүүдийг хараад манайд илүү их хөгжих, хийж бүтээх ажил байна гэдгийг олж харсан. Мөн саяхан Хятад улс руу үүнтэй адил бизнес аялалд оролцоод ирсэн. Дотоодын үйлдвэрүүдтэйгээ харьцуулаад үзэхэд тийм ч их ялгаатай санагдаагүй. Монголчууд ганц ганцаараа хөдөлмөрлөөд энэ зэрэгтэй мундаг байгаа юм чинь нэгдээд, хамтраад ажиллавал бүр ч том амжилт гаргах юм байна гэж бодогдсон. Мөн манай компани хэдий жижиг боловч зөв зохион байгуулалт, менежмент хийж, түүхий эдийнхээ, бүтээгдэхүүнийхээ давуу талыг гаднын хэрэглэгчдэд таниулж чадсан нь экспортод гаргахад чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс бусад үйлдвэрлэгч нар ч бас өөрсдийгөө том, жижиг гэж гололгүй дэлхийн зах зээлд өрсөлдөөсэй гэж хүсэж байна.

“АПУ” ХК-ийн Төслийн менежер Б.Эрдэнэцэцэг:

“Баялаг бүтээгч-бизнес тур” аяллын өмнөх дугааруудыг телевиз, сошиолоор үзэж байсан. Гэхдээ биеэрээ оролцох тэс өөр байдаг юм байна. Төсөөлснөөс ч илүү их зүйл үзэж харж, бусад үйлдвэрлэгчдээрээ бахархаж, огшиж явна. Энэ аяллын уур амьсгал нь халуун дулаан, тав тухтайгаас гадна цагийг сайн ашиглаж, олон үр дүнтэй хөтөлбөр багтаасан байна. Төрөөс зохион байгуулсан ажил гэхээр нэр төдий, албаны, уйтгартай байна л гэж төсөөлж байсан ч эсрэгээрээ байгаад нь их гайхаж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн