Төв аймаг 2023 онд 110 сая литр сүү бэлтгэн зах зээлд нийлүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд 19 гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, бүс нутагтаа экспортлогч улс болох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд үүний нэг хүнсний төрөл нь сүү, сүүн бүтээгдэхүүн юм.

Хэдий манай улс 70 гаруй сая малтай, мал аж ахуйн орон боловч сүү, сүүн бүтээгдэхүүнээр ард түмнээ бүрэн хангахад олон асуудал тулгамдсаар байна. Иймд нэн тэргүүнд малын ашиг шимийг нэмэгдүүлж,тоонд биш чанарт суурилсан мал аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай болжээ.

Төв аймаг нь зах зээлд 90 сая литр сүү нийлүүлдэг байсан бол өнгөрсөн 2022 оноос эхлэн жилдээ 100 сая литр сүү нийлүүлдэг болж “Төв түмний сүүн соёл” сүүний баярыг Батсүмбэр суманд зохион байгуулж байсан. Тэгвэл энэ жил 110 сая литр сүүг зах зээлд бэлтгэн нийлүүлж, амжилт гаргажээ.

Иймд малчин түмнээ алдаршуулах, малчдын хөдөлмөрийн онцлог, арга барилыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, туршлага солилцох, сүү цагаан идээ боловсруулах соёлыг түгээх зорилгоор “Төв түмний сүүн соёл” Сүүний баяр-2023 арга хэмжээг 2 дахь жилдээ зохион байгуулж, 20 сумын 200 гаруй малчид, саальчид, фермер, хоршооллын төлөөлөл оролцож, сумдын үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнүүд худалдаалж буй юм.

Энэхүү арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр оролцож баяр хүргэн, мэндчилгээ дэвшүүллээ.

ЗДТГ, Батсүмбэр сумын ЗДТГ, аймгийн ХХААГ, Монголын үхэр үржүүлэгчдийн нэгдсэн холбоо, аймгийн Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниуд хамтран ажиллаж зохион байгуулсан байна.

Өв соёлын төв өргөөнд зохион байгуулж буй “Төв түмний сүүн соёл” Сүүний баяр 2023 арга хэмжээний хүрээнд “Шилдэг саальчин”, “Шилмэл мал”, “Сүү, ашиг шим ихтэй үнээ”, “Нутгийн цай”, “Уламжлалт цагаан идээ”, “Саальчид дуулж байна”, “Зохион байгуулалттай сум” номинациар шилдгүүдээ шалгаруулсан юм.

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн