Эрэн сурвалжилж байсан 140 оргодол этгээдийг нийтийн байрнаас олжээ.

Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Энэ оны нэгдүгээр улиралд гэмт хэргийн тоо буурсан үзүүлэлттэй гарчээ. 2019 он гарсаар нийслэлд 6 мянга гаруй хэрэг илрүүлэн шалгасан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетай харьцуулахад 16 хувиар буурсан гэдгийг албаныхан онцоллоо.

Сони: цагдаагийн газраас нийтийн байрнуудад шалгалт хийжээ. Шалгалтын үеээр цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан 140 оргодол этгээдийг олж тогтоосон байна. Нийслэлд 649 аж ахуй нэгж нийтийн байр түрээслүүлж байна гэсэн тоон мэдээлэл бий. Түрээсийн үнэ харьцангуй бага, түрээсээ сар сард нь төлөх боломжтой зэрэг байдал нь хөдөөнөөс ирсэн оюутан залуус, иргэдэд давуу тал болж нийтийн байранд амьдрах сонирхол илүү өндөр байдаг байна. гэвч сүүлийн үед нийтийн байранд үйлдэгдэх хэргийн тоо ихэсчээ.

Мөн Цагдаагийн газраас нийслэлийн Тээврийн газар, Улаанбаатар смарт компани, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудтай уулзалт хийсэн байна. Ингэхдээ ирэх 6-р сарын нэгний дотор нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг бүх автобусыг камержуулахаар болжээ.

Нцг-ын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг гурван бүлэг 18 этгээдийг дайчлан баривчилж, шалгажээ. Хууль бусаар гар утас худалдан борлуулдаг гурван ченжид эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа юм байна. Энэ ченжүүдээс хууль бусаар олж авсан, гарал үүсэл нь тодорхойгүй 70 гаруй гар утсыг хураан авчээ. Одоогоор утсыг таниулах, эздэд нь хүлээлгэн өгөх ажил үргэлжилж байгаа бөгөөд гар утсаа хулгайд алдсан иргэд нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газарт хандах боломжтой.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн