“Хүнсний хувьсгал” ТББ-ын гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд тэргүүнээр Т.Мөнхтөр томилогдлоо

Хүнс хөдөө аж ахуйн салбарын мэргэжлийн нэгдсэн холбоодын нэгдэл “Хүнсний хувьсгал” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүдийн V хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар 2023 онд хийсэн ажлын үр дүн, бүтэц зохион байгуулалт болон дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн юм. Мөн өнөөдрийн хуралдаанаар дэд тэргүүнийг сонгосон бөгөөд “Хүнсний хувьсгал” ТББ-ын дэд тэргүүнээр Т.Мөнхтөрийг томиллоо. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ыг илүү үр дүнтэй хэрэгжүүлэхээр хүнс хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчид нэгдэн “Хүнсний хувьсгал” ТББ-ыг байгуулсан. Хэдий үүсгэн байгуулагдаад удаагүй ч өнгөрсөн хугацаанд 7 удаа төрийн томоохон уулзалт хийн,  ТББ-ын удирдах зөвлөл 5 удаа хуралдаж, үйл ажиллагаагаа тогтвортой явуулжээ.
“Хүнсний хувьсгал” ТББ-ын Тэргүүн, ТУЗ-ийн дарга Ч.ДАВААБАЯР: Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд бид “Хүнсний хувьсгал”-ыг амжилттай хийнэ. Төр бодлогоор дэмжиж, хувийн хэвшил баялаг бүтээж, ард иргэд худалдан авалтаараа дэмжвэл Монгол Улсад хэрэглэгч биш үйлдвэрлэгч орон болж чадна.
Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд хувийн хэвшлийнхэн маань санаачилга гарган “Хүнсний хувьсгал” ТББ-ыг байгуулсан. Энэ байгууллага бол олон ТББ-ын нэгдэл. Өнөөдрийн хуралдаанаар 2023 оны ажлаа дүгнэж, дүрэмдээ тодорхой хэмжээний өөрчлөлт оруулж, бүтцийн асуудал яригдаж байна. “Хүнсний хувьсгал” ТББ-ын хувьд 2024 онд гадаад харилцаандаа илүү анхаарал хандуулахаар дэд тэргүүнээрээ Т.Мөнхтөрийг томилж байна.
“Хүнсний хувьсгал” ТББ-ын дэд тэргүүн Т.Мөнхтөр: “Хүнсний хувьсгал”-ыг хэрэгжүүлэхийн тулд олон улсын гурван стандарт хэрэгтэй. Дэлхийн худалдааны байгууллагын гурван стандарт байдаг. Үүнд: Ургамал хамгаалал, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал. Манай улсад хараахан бүрэн дүүрэн хэрэгжээгүй. Тиймээс наад захын дүрэм стандартыг баталж, үүнийг ягштал хэрэгжүүлдэг тогтолцоог бүрэлдүүлэх ёстой гэж үзэж байгаа. Тиймээс энэ удаагийн хуралдаанаар намайг дэд тэргүүнээр томиллоо.
“Хүнсний хувьсгал” ТББ-ын гүйцэтгэх захирал М.Болод: Хүнсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд “Хүнсний хувьсгал” ТББ-тай уялдаа холбоотой байж, судалгааны ажилд хамтран оролцох хэрэгтэй. мөн техник, эдийн засгийн үндэслэлүүдээ гаргаад, судалгаа болон ТЭЗҮ дээр хамтарч ажиллах шаардлагатай байгаа. Дахин хэлэхэд “Хүнсний хувьсгал” ТББ нь холбоодуудын нэгдсэн холбоо учраас яг энэ хүнсний салбарт болон хөнгөн үйлдвэр дээр үйл ажиллагаа явуулж буй холбоодууд маань энэ ТББ-тай хамтарч ажиллах нэн шаардлага байна.
“Хүнсний хувьсгал” ТББ нь “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд санал хүсэлтээ илэрхийлэх, бусад үйлдвэрлэгчдээ мэдээллээр шуурхай хангах, дотоодын хүнсний хэрэгцээгээ хангахаас гадна монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн тавцанд гарахын төлөө нэгдэж ажиллах юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн