Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, санал боловсруулах дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны тогтоолын төсөл хэлэлцэн баталлаа

Өнөөдөр /2023.01.11/ Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, санал боловсруулах дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны тогтоолын төсөл /Чиглэл өгөх тухай/-ийг хэлэлцэн баталлаа.

Тогтоолын төсөлд “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг “Монгол Улсын Засгийн газар”-т чиглэл болголоо.Тодруулбал:

Нэг.Эрх зүй, санхүү, төсвийн чиглэлээр:

  1. хүнсний хангамж, аюулгүй байдал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх зорилгоор холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж, 2023 оны эхний хагас жилд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
  2. Монгол Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолд тусгагдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх, санхүүжилтийг олгохдоо Монгол Улсын Хөгжлийн бодлого, эдийн засгийн төрөлжилт болон бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан газар зүйн байршил, кластерын тогтолцоо, бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, зах зээлийн багтаамжийг харгалзан үзэх;
  3. хүнсний хангамж, аюулгүй байдал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын зээлийг бизнесийн онцлог, бүтээгдэхүүний төрлөөс хамааруулан зээлдэгчийн төлөх хүүг 3.0-5.0 хувь байхаар тооцож, зээлийн 30-аас доошгүй хувийг хүнсний боловсруулах болон хөдөө аж ахуйн чиглэлийн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд, 10-аас доошгүй хувийг импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төслүүдэд гүйцэтгэлтэй нь уялдуулан үе шаттайгаар санхүүжүүлэх, мөн Засгийн газрын хариуцан төлөх зээлийн хүүг эдийн засгийн нөхцөл байдал, Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулан тогтоож, шаардагдах санхүүжилтийг жил бүр улсын төсөвт тусгах;
  4. хүнс, хөдөө аж ахуйн салбарын хүний нөөцийг бэлтгэх, сургах, давтан сургах, мэргэшүүлэх, дадлагажуулах төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх;
  5. “Зах зээл бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл /Нэмэлт санхүүжилт 2/”, “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөл-ийн 2 дахь шат”, “Цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай мал аж ахуй”, “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөрөнгө оруулалтын хөтөлбөр” зэрэг гадаадын зээл тусламжаар шинээр хэрэгжүүлэх төслүүдийг яаралтай эхлүүлэх;
  6. хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлж байгаа болон шинээр хэрэгжүүлэх төслүүдийн санхүүжилтийг Монгол Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолд тусгагдсан үйл ажиллагаатай уялдуулан санхүүжүүлж, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж ажиллах.

Хоёр.Мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр:

  1. мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэн, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалтын түвшинг ахиулах, маркетинг, өртгийн сүлжээг хөгжүүлж зах зээлд өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэх “Мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийн стратеги” боловсруулж батлуулах;
  2. мал сүргийн ашиг шимийг хянан баталгаажуулан бүртгэлжүүлж, стандартын шаардлага хангасан үржлийн малыг тусгайлан тогтоосон бүс байршилд үржүүлэх ажлыг эрчимжүүлэн холбогдох арга хэмжээг авч ажиллах;
  3. бэлчээр ашиглалт, хамгаалалтын менежментийг сайжруулах, хадлан, гар тэжээл бэлтгэх, тэжээлийн таримлын тариалалтыг нэмэгдүүлэхэд шаардлагатай үр, бордоо, техник тоног төхөөрөмжийн хангамжийг бүрдүүлэх, малын төрөл, ашиг шимийн үзүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тэжээл үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бодлого, зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх;
  4. мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, эрүүл бүсийг тогтоох, био бэлдмэлийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, Биокомбинатын үйл ажиллагааг өргөтгөн шинэчлэх, вакцины хүйтэн хэлхээний сүлжээг бий болгох санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох.

Гурав.Газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр:

  1.        төмс, хүнсний ногооны техник,  бордоо худалдан авахад үнийн дүнгийн 50 хүртэлх хувьд урамшуулал, татаас олгох, тариалангийн талбайг хашаажуулахад шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх асуудлыг судалж, холбогдох арга хэмжээ авч ажиллах;
  2. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжтэй хамтарч тариалангийн талбайд ойн зурвас байгуулахад бодлогын дэмжлэг үзүүлэх;
  3. үр үйлдвэрлэл, үрийн технологийн нөөц бүрдүүлэх, төмс, хүнсний ногооны агуулахын аж ахуй, зоорь байгуулах, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэхэд урамшуулал олгох, хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх;
  4. нийслэл болон орон нутагт төмс, хүнсний ногооны хадгалалт, борлуулалтын логистик сүлжээг зохион байгуулж ажиллах;

Дөрөв.Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр:

  1. Хөгжлийн бодлого, төлөвлөлт болон бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан бүс нутгийн онцлог, нөөц боломжид тулгуурлан кластрын зохион байгуулалттай, зах зээлд өрсөлдөх чадвартай, салбар хоорондын уялдааг хангасан хүнсний чиглэлийн үйлдвэрлэл, худалдааны нэгдсэн тогтолцоо, кластерын сүлжээг бүрдүүлэх;
  2. Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг байгуулах асуудлыг судалж, шийдвэрлэх;
  3. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын цахим системүүдийг уялдуулан Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хянах нэгдсэн цахим системийг бий болгох.

Монгол Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэн, дотоодын болон Олон улсын санхүүгийн байгууллага, хөгжлийн түнш байгууллагуудтай хамтран санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллахыг Монголбанкны Ерөнхийлөгч /Б.Лхагвасүрэн/-д даалгав. Энэ тогтоолын биелэлтийг 2023 оны намрын чуулганы хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т үүрэг болгов.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн