Үйлдвэргүй, үйлдвэрлэгчидгүй улсад уруудах л ганц зам бий

Дэлхийд тэргүүлэх бараа бүтээгдэхүүнийг импортлож, худалдан авч байгаа, дэлхийн шилдэг бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө зүтгэж байгаа ард түмний аль нь илүү вэ? гэж асуувал дийлэнх иргэд хоёр дахь хувилбарыг сонгох байх. Гэвч бодит байдал дээр бид үйлдлээрээ нэг дэх хувилбарыг сонгож, гаднын гэсэн бүхнийг сайн гэж ойлгон худалдан авах дуртай байдаг.

Мөн гаднын бүтээгдэхүүн үнэтэй байх нь хэвийн зүйл, дотоодын бүтээгдэхүүн үнэтэй байх нь гэмт хэрэг хийсэнтэй адил зүйл гэсэн хандлагатай байдаг нь дотоодын үйлдвэрлэгчдэд маш том дарамт болдог. Үндэсний үйлдвэрүүд шуналтайдаа, ард түмнээ шулах гэсэндээ үнэтэй байдаггүй. Жижиг зах зээлд, цөөн тоогоор үйлдвэрлэж, маш олон татварын дарамтыг даван туулж, ажлын байр бий болгон, тэднийг орлогожуулахад асар их зардал гардаг. Иймд дийлэнх үйлдвэрлэгчид ашиггүй ажилладаг. Тэд ашиг харсан бол гаднаас хямд бараа оруулж ирээд, зарж болох л байсан. Гэвч тэд нэг ч болтугай хүнийг ажилтай болгохын төлөө, улс эх орондоо хувь нэмэрээ оруулахын төлөө зүтгэх бартаат замыг сонгосон.

Одоогоос 30 гаруй жилийн өмнө тэд эх орныхоо бахархал, нийгэм цаг үеийнхээ баатар байсан бол өнөөдөр хэнд ч үнэлэгддэггүй, муу нэртэй хүмүүс болжээ. Тухайн үед Монголчуудын хийсэн хамгийн том алдаа бол үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүдэд дэлхийн зах зээл нээх ёстой байтал эсрэгээр нь дотоодын зах зээлийг гадаадынханд нээж өгсөн явдал байв. Аажмаар ард иргэд нь дотоодын үйлдвэрийн үнэ цэнийг мартаж, төр засаг нь хүртэл энэ сүйрлийг анзааралгүй, харин ч өөхшүүлж ирсэн. Үр дүнд нь жил бүр нэг тэрбум ам.доллараар хүнсээ худалдан авдаг, 1.2 их наяд төгрөгний зах зээлтэй оёмол бүтээгдэхүүний ердөө 10-хан хувийг л өөрсдөө хийж байна. Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь бидний хамгийн сайн хийж чаддаг үйлдвэрлэлийн салбар байлаа. Мөн 70 гаруй сая малтай ч түүхий эдийг нь боловсруулж чаддаггүй улс болжээ. Малын үржил шим жил ирэх тусам буурч байгаа нь чанарт биш тоонд анхаарч ирсэнтэй шууд холбоотой.

Энэ эрчээрээ бид үйлдвэргүй, үйлдвэрлэгчгүй улс болох замыг сонгосоор байвал Монгол Улсад уруудах ганц л зам үлдэнэ.

2022 оны 05 сарын 13-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг зарлан эхлүүлж, энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдээ түлхүү дэмжихээ илэрхийлсэн нь удаан хугацаанд орхигдсон монголын үйлдвэр, үйлчилгээний салбарт тохиосон гэнэтийн үйл явдал байлаа. Тус үндэсний хөдөлгөөн “Хүнсний хувьсгал” болон өргөжиж хүнс, хөдөө аж ахуйн салбарт сүүлийн 30 жилд хийгдээгүй том хөрөнгө оруулалтуудыг хийсэн юм. Мөн 30 гаруй төрийн байгууллага, 10 гаруй олон улсын байгууллага, аж ахуйн нэгжүүд нэгдэж, төрийн тэргүүн өөрийн биеэр 50 орчим, ЕТГ-ын төлөөллүүд 70 гаруй үндэсний үйлдвэрүүдэд ажиллаж, санал хүсэлтийг нь бодлого шийдвэр болгон гаргасан нь зогсолтгүй уруудахад бэлэн байсан үйлдвэр, үйлчилгээний салбарт дэм болсон юм.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд төр засгаас гарах боломжтой бүх шийдвэр гарч дууссан тул үйлдвэрлэгчдийн хичээл зүтгэл, ард түмний дэмжлэгтэй эх орондоо хүнсний хувьсгал хийх буюу 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашлаад экспортлогч улс болох зорилго биеллээ олох юм.

Дангаараа, ганц нэгээрээ зүтгэж байсан тэднийг нэгтгэх, оюунд нь хөрөнгө оруулах зорилгоор ЕТГ-аас “Баялаг бүтээгч- бизнес тур” аяллыг цувралаар зохион байгуулж байна. Ингэснээр тэд бусдаасаа туршлага судлаж, шинэ инноваци үйлдвэртээ нэвтрүүлж, хамтран ажиллаж шинэ бүтээгдэхүүн гарган, мэдлэг мэдээллээ солилцож байна. Өнөөдрийн байдлаар 7 удаагийн аяллаар, 300 гаруй үйлдвэрлэгч, 21 үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан байна.

Мөн мэдээлэл өгөх сургалт зохион байгуулж, үйлдвэр лүү явах замдаа автобус дотор төрийн холбогдох албан тушаалтнууд хэлэлцүүлэг өрнүүлж буй нь тус аяллын үр дүн, ач холбогдлын нэг хэсэг болжээ. Төр засаг хурдтай, үр дүнтэй ажиллаж болдгийн тод жишээ нь энэхүү бизнес аялал болж буйг аялагчид дүгнэн хэлж байна.

Дараагийн удаа олон улсын аялал зохион байгуулан дэлхийн шилдэг үйлдвэрүүдтэй баялаг бүтээгчдээ танилцуулж, тэднийг дэлхийд өрсөлдөхөд бэлтгэхээр төлөвлөж байна.

“Хүнсний хувьсгал” хийх энэхүү ажил 5 жилийн хугцаатай бөгөөд одоо бидэнд 4 жил үлджээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон ЕТГ-ын зүгээс үйлдвэрлэгчдээ чадавхижуулах, тэдний цар хүрээг тэлэх ажлууд амжилттай өрнөж буй энэ үед ард түмний дэмжлэг оролцоо үгүйлэгдсэн хэвээр байна.

Иймд улс эх орноо, үр хүүхдийнхээ ирээдүйг боддог эх оронч иргэн байхын эхний алхам нь дотоодын үйлдвэрээ дэмжих юм. Мэдээж энэ салбарт алдаа оноо их гарах нь гарцаагүй. Үүнийг засахын төлөө шүүмжилдэг, сайжруулахын төлөө дэмждэг байх ёстой.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн