Малын тоонд бус чанарт анхаарч монгол үхрийн махыг дэлхийн жишигт нийцсэн технологиор боловсруулж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган аймагт ажиллалаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (2023.09.30) Булган аймгийн Хутаг-Өндөр суманд байрлах Занаду Разорбак компанийн үүсгэн байгуулагч, махны чиглэлийн үхрийн фермерийн аж ахуй эрхэлдэг Канадын иргэн Жереми Тиссений фермеритэй танилцав. Жереми Тиссен гэр бүлийн хамтаар 30 гаруй жил Монголд амьдарч байгаа бөгөөд уламжлалт монгол бэлчээрийн мал аж ахуйг эрчимжсэн фермийн мал аж ахуйтай хослуулсан үхрийн фермийн үйл ажиллагаа явуулж буй юм.

Байгаль орчны хувьд Монгол орны бэлчээрийн даац хэтэрч, хөрсний гэмтэл, цөлжилт нэмэгдэж байгаа өнөө цагт Занаду Разорбак ХХК малын тоонд бус чанарт анхаарч монгол үхрийн махыг дэлхийн жишигт нийцсэн технологиор боловсруулж хэрэглэгчдэд хүргэн нөгөөтэйгүүр орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, малчдыг орлогожуулж байна.

Жереми Тийсэн: Махыг малчдаас ферм, фермээс үйлдвэрт гэсэн дарааллаар хүргэвэл эрүүл ахуйн стандарт нь цуг явна.

Малчдаас бяруу, шүдлэн насны үхрийг худалдан авч өөрсдийн тарьж ургуулсан чанартай ногоон тэжээлээр 90 хоног тэжээж, эрдэс шимээр баялаг долооцоор технологийн дагуу бордсоны эцэст гарал үүслийн баталгаатай, эрүүл чанартай монгол үхрийн махыг үйлдвэрийн аргаар бэлтгэн, 33 нэр төрлөөр ангилан савлаж, жилийн 4 улиралд шинээр нь хэрэглэгчийн гарт хүргэж байгаагаа фермийн эзэн Жереми Тиссен танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчдэд эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл, гааль, татварын хөнгөлөлт, тоног төхөөрөмжийн хөнгөлөлт олгож байгаа нь уг салбарын баялаг бүтээгчид, дагаад малчдыг дэмжсэн шийдвэр болж чадсан хэмээн баялаг бүтээгчид сайшааж байна. Тус компанийн хувьд зээлийн хүсэлт өгөөд арилжааны банк дээр судлагдаж байгаагаа уулзалтын үеэр хэлэв.

Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд Улсын Их Хурал 36 дугаар тогтоолыг баталж, ирэх таван жилийн хугацаанд хүнс, хөдөө аж ахуйн салбарт 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийг хийхээр шийдвэрлэсэн.

Энэ дагуу арилжааны 10 банк жилийн 3-5 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай, нийт нэг их наяд төгрөг хүртэлх зээлийг үйлдвэр эрхлэгчдэд олгож байгаа юм.

Түүнчлэн хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг 2027 он хүртэл гаалийн албан татвараас чөлөөлсөн юм.

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн