Хүнс, хөдөө аж ахуйн салбарын ААН, ТББ-ууд нэгдэж, “Хүнсний хувьсгал”-ын үр дүнг нэмэгдүүлнэ

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарын 20 орчим аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд уулзалт зохион байгуулж, санал хүсэлтээ илэрхийлж байна. Тус уулзалтад Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нар оролцон, санал хүсэлтийг нь сонслоо.

Уулзалтын үеэр”

  •  “Метагро” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхтөр Мах, махан бүтээгдэхүүний салбарын өнөөгийн нөхцөл байдал, бусад салбар, төрийн байгууллагуудтай уялдаж ажиллах боломж, нөхцөл, гаднын улсуудын туршлагын талаар
  • “Шувууны аж ахуй эрхлэгчдийн холбоо”-ны Тэргүүн Ж.Болд шувууны аж ахуйн салбарын нөхцөл байдал ба “Хүнсний хувьсгал”-тай уялдах тухай
  • “Тослог ургамал үйлдвэрлэгчдийн холбоо”-ны Тэргүүн У.Мөнхжаргал Монгол Улсын тослог ургамал үйлдвэрлэлийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаар
  • “Монголын тариаланчдын үндэсний холбоо”-ны Гүйцэтгэх захирал Д.Өнөржаргал Монгол Улсын газар тариалангийн салбарын нөхцөл байдлын талаар
  • “Монголын хүнсчдийн холбоо”-ны УЗ-ийн гишүүн Г.Энхбилэг сүү, сүүн бүтээгдэхүүний салбарын нөхцөл байдал, гадны улс орнуудын туршлага, бусад салбартай уялдах боломжийн талаар тус тус илтгэл, танилцуулга тавьж,  хэлэлцүүлэг өрнүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн өрнөөд нэг жил гаруйн хугацаа өнгөрсөн. Энэхүү хөдөлгөөн нь Монгол Улсын баялаг бүтээгчид төдийгүй дэлхийн улс орнуудын, олон улсын байгууллагуудын сайшаал магтаалыг хүртэж, цаг үеэ мэдэрсэн, үр дүнгээ өгсөн томоохон ажил хэрэг болоод байна.

Дэлхий нийтэд цар тахлын дараах нөхцөл байдал, геополиткийн асуудал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой өлсгөлөнгийн асуудал тахал мэт газар авч байна. Энэ тухай Итали Улсын нийслэл Ром хот дахь НҮБ-ын ХХААБ-ын төв байранд 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан дээд хэмжээний уулзалтад “коронавирусний цар тахлын үр дагавар, байгалийн гамшиг, зэвсэгт мөргөлдөөний улмаас дэлхий даяар 783 сая орчим буюу 2019 оныхоос 122 саяар их хүн өлсгөлөнд нэрвэгджээ. Иймд хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал нэг улсын бус нийт хүн төрөлхтний өмнө тулгамдсан бэрхшээл болсон” гэдгийг онцолж байв.

Цар тахлын өмнө дэлхийн 53 орны 135 сая хүний хүнсний аюулгүй байдал ноцтой алдагдсан байсан бол өнөөдөр 82 орны 345 сая хүн болж 2,5 дахин нэмэгдээд байна. Үүний зэрэгцээ 2022 онд дэлхийн үр тарианы үйлдвэрлэл буурсан нь сүүлийн 10 жилд байгаагүй үзэгдэл болж, улс орнууд дотоодын хүнсний бүтээгдэхүүнээ нөөцөлж,экспортоо хязгаарлах болсон нь дэлхий даяар хангамж доголдоход хүргэж байна.

Харин Монгол Улсад хэрэгжиж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн нь дотоодын хэрэгцээгээ 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр бүрэн хангахаас гадна экспортлогч улс болж, дэлхийн хүнсний хэрэгцээнд хувь нэмэр оруулах зорилготой. Богино хугацаанд арвин үр дүн үзүүлсэн энэ хөдөлгөөнд 40 орчим төрийн байгууллага, 10 гаруй олон улсын байгууллага, 100 гаруй аж ахуйн нэгжүүд нэгдэж, хамтран ажиллаж байна.

“Хүнсний хувьсгал” болон өргөжсөн төрийн тэргүүний санаачилгын хүрээнд төрөөс гарах ёстой бүх бодлого шийдвэр гарч, бодит шийдвэр болон хэрэгжиж, үйлдвэрлэгчид дэмжлэг авч эхэлсэн. Тухайлбал энэхүү хөдөлгөөний хэрэгжилтэд зориулан Монгол Улсын 2023 оны төсөвт суулгасан 223 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт сүүлийн 30 гаруй жил хийгдээгүй төсвийн дэмжлэг юм. Дээрх дэмжлэгүүдэд аж ахуйн нэгж, баялаг бүтээгчид урамшин илүү их идэвх гарган ажиллаж эхэллээ.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын төрийн бус байгууллагууд тус тусдаа, өөрсдийн салбарынхаа эрх ашгийн талаар дуу хоолойгоо хүргэдэг байсан бол, “Хүнсний хувьсгал” дор нэгдэн нийт Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрх ашиг, хөгжлийн талаар дуу хоолойгоо хүргэж, шийдвэр гаргагчидтай хамтран ажиллаж буй юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн