Шинэлэг амтыг бүтээгч “Сүүн зайрмаг” брэнд

“Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч “Сүүн зайрмаг” ХХК-ийн хамт олон болон үүсгэн байгуулагч Т.Өлзийсайхан нар оролцлоо.
Дотоодын хүнсний үйлдвэрлэлийн салбарт хэрэглэгч төвтэй үйлчилгээ, шинэлэг бүтээгдэхүүнээрээ танигдсан үндэсний үйлдвэрлэгчдийн нэг бол “Сүүн зайрмаг” брэнд юм. 2018 онд зургаан ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан тус компани өнөөдөр 80 гаруй ажилтантай болж, сүү сүүн бүтээгдэхүүний зах зээлд өөрийн байр суурийг бүрдүүлээд байна.
Анх 30 мкв түрээсийн байранд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан тус компани өнөөдрийг хүртэл гурван удаа байршлаа сольж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлжээ. Монголын зах зээлд шингэн хэлбэрийн зайрмаг ховор байсан үед энэ төрлийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх нь шинэлэг гэж үзэн үйлдвэрлэлээ эхлүүлсэн байна.
Одоогоор “Сүүн зайрмаг”, “Цөцгийтэй тараг”, “Соролдоо”, сүүн шэйк, өрөм зэрэг 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж түгээлтийн машинаар хэрэглэгчийн гарт шууд хүргэдэг бөгөөд улсын хэмжээнд 130 гаруй борлуулалтын цэгтэй. Мөн Emart, CU, Wellmart, Efes зэрэг сүлжээ дэлгүүрүүд болон 2500 жижиглэнгийн дэлгүүр, томоохон худалдааны төвүүдэд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэн хамтран ажилладаг.


Гол онцлог нь 100 хувь үнээний цэвэр сүүгээр үйлдвэрлэл явуулдагт оршдог. Өглөө бүр түүхий эдээс дээж аван, дотоод лабораторид шалган, хүнсний стандартын дагуу химийн болон микробиологийн шинжилгээ хийж, шаардлага хангасан түүхий эдээр үйлдвэрлэлээ явуулдаг байна. Үйлдвэрлэлийн үндсэн шат нь дулааны боловсруулалт бөгөөд энэ нь хүнсний аюулгүй байдлыг хангах, бүтээгдэхүүний чанарыг тогтвортой байлгах ач холбогдолтой.
“Итгэлийг эрхэмлэнэ, чанарыг амлана” уриатай тус компани бүтээгдэхүүнээ газар дээр нь боловсруулан хэрэглэгчдэд хүргэдэг явуулын зайрмагны үйлчилгээг нэвтрүүлээд нэлээдгүй жилийг ардаа үдсэн. Жил бүр машинуудын хөргүүр, хадгалалтын системийг шинэчилж, бүтээгдэхүүний чанар, хадгалалтад анхаарахын сацуу ажилтны тав тух, хэрэглэгчдийн сэтгэл ханамжид суурилан үйл ажиллагаагаа явуулдаг нь үйлдвэрлэлийн тогтвортой ажиллагааны гол суурь.

“Сүүн зайрмаг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Өлзийсайханы хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, импортын хүнсний хамаарлыг бууруулахад бодит нөлөө үзүүлж монголчуудын хүнсний хэрэглээг өөрчилж, үндэсний үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг дэмжсэн чухал бодлого болохын сацуу дотоодын баялаг бүтээгч нарын дунд нэгнээ дэмжих, хамтарч ажиллах гол сэдлийг өгч, урам зориг нэмэгдүүлсэн тухай дурдсан юм. Мөн сүүлийн жилүүдэд иргэд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, эх оронч худалдан авалт хийх хандлага нэмэгдэж буйг онцолж байлаа.

Мөн сав баглаа боодлоо дотоодын үйлдвэрлэгчдээс нийлүүлдэг бөгөөд түүхий эдийн тогтвортой нийлүүлэлтийг хангах зорилгоор Улаанбаатар хотоос 100-200 км радиуст байрлах үнээний фермерүүдтэй кластер хэлбэрээр хамтран ажилладаг ажээ. Ингэснээр зөвхөн үйлдвэрлэлээ тогтвортой явуулаад зогсохгүй, фермерүүдийн орлогыг дэмжих боломж бүрдүүлж байгаа юм.
Цаашид үйлдвэрлэлээ автоматжуулах, бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд дөрвөн улирлын зах зээлийн нөхцөлд тохирсон уян хатан шийдлүүдийг нэвтрүүлэхэд анхаарч байна.

Компанийн үйл ажиллагаанд хүний нөөцийн бодлого чухал байр суурь эзэлдэг. Ажилчдаа сургалт, эрүүл мэндийн үзлэг зэрэгт тогтмол хамруулж, уян хатан ажлын цагийн нөхцөл бүрдүүлж, ажилласан жилээс хамааран урамшуулах, идэвх зүтгэлийг үнэлдэг зэрэг нь хамт олны итгэлтэй, тууштай ажиллах түлхүүр хүчин зүйл болдог байна.
Сонирхолтой нь сүүлийн жилүүдэд “Сүүн зайрмаг” брэндийг гадны жуулчид, контент бүтээгчид үргэлж онцлох болсон байна. Тэр дундаа Солонгосын хэсэг контент бүтээгчид Монголд ирэхдээ заавал амтлах бүтээгдэхүүний нэгээр нэрлээд байгаа аж.


