“Golden Gobi” шоколадны үйлдвэр түүхий эдээ өөрсдөө бэлтгэдэг
Хүний сэтгэлд аз жаргал бэлэглэж, хайртай хүмүүсийн халуун дулаан мөчийг чихэр амттангүйгээр төсөөлөхийн аргаггүй. Энэхүү амтыг бүтээхэд зөвхөн түүхий эд, технологи бус, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах чин хүсэл, монгол хүний ур чадвар, хөдөлмөрч сэтгэл шингэдэг юм. Амттаны ард нуугдах бүтээн байгуулалт, технологи, хүний хөдөлмөр, чанарын баталгааг бүтээж буй шоколадны үйлдвэрээр уншигч таныг хөтлөе.

22 жилийн түүхт Golden Gobi шоколадны үйлдвэрийн үүх түүх тэртээ 1989-1991 онд хүнсний бүтээгдэхүүний худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Есөн од” компаниас эхтэй. Тус компани нь Европын улсуудын брэнд шоколадан бүтээгдэхүүн болох Cote’d or, Мars, Snickers, Twix, M&M, Bounty болон Cadbury гэх мэт та бидэнд эчнээ танил болсон шоколадыг импортлон худалдаалдаг байсан. 2003 онд түрээсийн байранд эхэлсэн Голден гоби үйлдвэр гурван нэр төрлийн шоколад үйлдвэрлэж, 7 хүнийг ажлын байраар хангаснаар зах зээлийн 0,25 хувийг эзэлж байв. Golden gobi үндэсний брэнд Белги улсын тоног төхөөрөмж, ноу хауд түшиглэн үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн. Түүнээс хойш гуравхан жилийн дараа үйлдвэрийн хүчин чадлыг 10 дахин нэмэгдүүлж, нэр төрлөө 30 хүртэл нэмэгдүүлэн амжилттай ажилласан. Мөн үедээ борлуулалтын олон сувагтай болохын зэрэгцээ зах зээлийн 1,3 хувьд хүрч чаджээ.Өдгөө дотоодын шоколадны зах зээлд өөрийн байр суурийг бататгаж, зах зээлийн 18 орчим хувийг бүрдүүлээд байна.
Европын стандартад нийцсэн дээд зэргийн түүхий эдийг Бельги Улсаас импортлон, MNS CAC 87:1996 стандартын дагуу Бельгийн технологи, нарийн ноу-хау, онцгой жорыг ашиглан үйлдвэрлэлээ явуулдаг тус үйлдвэр өдгөө өдөрт 5 тонн хүртэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтайгаар хавтгай шоколад, набор буюу шоколадны цуглуулга, үрлэн чихэр зэрэг 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэж байна.

2026 онд үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөтгөн, какаоны үрнээс эцсийн шоколадан бүтээгдэхүүн хүртэлх бүрэн үйлдвэрлэлийн буюу “Bean-to-Bar” технологийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэн ажилласнаар тус үйлдвэрт томоохон ахиц дэвшил болсон юм. Ингэснээр шоколадан бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг өөрсдөө үйлдвэрлэх бүрэн боломжтой болсон юм. Энэхүү хөрөнгө оруулалт нь Монголын шоколадны үйлдвэрлэлийн салбарт импортын хамаарлыг эрс бууруулах, дотооддоо өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг олон улсын түвшинд хүргэх стратегийн асар өндөр ач холбогдолтой юм.
Шоколад бүрийн цаана сэтгэлээ шингээн ажиллах хүмүүсийн хөдөлмөр бий. Түүхий эдийг чанартай бүтээгдэхүүн болгон хувиргаж, амт бүхэнд аз жаргал, үнэ цэн, дурсамж шингээдэг үйлдвэрийн ажилчид бол үндэсний үйлдвэрлэлийн жинхэнэ баялаг юм.
Golden Gobi шоколадны үйлдвэр өдгөө 120 орчим ажилтантайгаар үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. Өглөө бүр ажлын байрандаа ирж, ур чадвар, хичээл зүтгэл, хариуцлагаараа бүтээж буй тэдний хөдөлмөр үйлдвэрийн үйл ажиллагааг урагшлуулж, хэрэглэгчдийн талархлыг бүтээдэг.
Тус брэнд 2013 оноос эхлэн Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу бүтээгдэхүүнээ экспортолж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвараа бататгасан. 2023 онд гар аргаар урласан дээд зэрэглэлийн “Artisan” брэндийг зах зээлд нэвтрүүлсэн нь хэрэглэгчдэд хүргэх үнэ цэнийг улам бүр нэмэгдүүлсэн үйл явдал болов. Тус компани хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны HACCP ISO22000 стандартыг хэрэгжүүлж байна.
Golden gobi жилээс жилд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж, хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэсээр байна. Цаашид вафли, печень зэрэг гурилан бүтээгдэхүүнтэй хослуулахаар зорилт тавин судалгаа шинжилгээ, бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хийж байна.

Тус брэнд дэлхийн тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн ашигладаг өндөр чанарын сав баглаа боодол, байгууллагын онцлогийг шингээсэн захиалгат бүтээгдэхүүнээрээ тэд зах зээлд хэдийнэ чанарын жишиг тогтоож чадсан юм.
“Golden Gobi” брэнд хэрэглэгчдэд борлуулалт үйлчилгээгээ ойртуулахын тулд шоколадны төрөлжсөн дэлгүүр, бэйкэри, кофе шопын үйлчилгээг цогцоор нь хөгжүүлж байна.
Байгальд ээлтэй шийдлүүдийг нэвтрүүлж, цахилгаан эрчим хүчний хэрэглээг бууруулах, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах замаар ногоон үйлдвэрлэлийг дэмжихийг зорьж байна. Энэ бол зөвхөн эрчим хүчний хэмнэлт бус, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн бодит алхам юм.

Импортын хамаарлыг бууруулж, дотооддоо өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн зэрэгцээ үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг олон улсын түвшинд хүргэхэд стратегийн чухал үүрэг гүйцэтгэж буй тус брэндийн үйл ажиллагаа нь Монгол Улсынхаа хөгжил дэвшилд оруулж буй бодит хувь нэмэр юм.
Монголдоо бүтээж, Монголынхоо хөгжлийг түүчээлж, дэлхийн жишигт хүрэхийг зорьсон “Golden Gobi” үндэсний үйлдвэрлэлийн бахархал, ирээдүйн хөгжилд чиглэсэн үнэ цэнтэй бүтээн байгуулалт билээ.

