МОНГОЛ УЛС ТУСГААР ТОГТНОЛОО 95 ХУВЬ АЛДСАН

Баялаг бүтээж байгаа хүнд шүүмжлэл ус, агаар мэт хэрэгтэй. Шүүмжлүүлж байж л бүтээгдэхүүний чанар улам сайжирч, хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхлыг ойлгодог. Гэвч монголчууд шүүмжлэлийг алгасаад шууд л хөдөлмөрлөж байгаа хүнээ үгүй хийж байж санаа нь амардаг муу талтай. Үүнийг биеэрээ мэдэрсэн ч шантралгүй хөдөлмөрлөсөөр байгаа нэгэн баялаг бүтээгчийг “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн ээлжит дугаарт урьж оролцууллаа. Түүнийг монголын ард түмэн “Тролейбус Жагаа” гэдэг нэрээр нь андахгүй.

Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэхдээ Чингис хааны хэлсэн үгийг эш татсан нь олны анхааралд өртсөн. Тодруулбал “чи бусдын хийсэн хоолыг идэж, бусдын хийсэн хувцсыг өмссөн тэр цагт бусдын боол болсон гэж өөрийгөө бодоорой гэж Чингис хаан хэлсэн байдаг. Энэ үгийг ард түмэн эмзэгээр хүлээж авсан нь шалтгаантай. Бид бусдын хийсэн хоол, бусдын хийсэн хувцсыг өмсдөг болоод удаан хугацаа өнгөрч байна.

Монгол улс статистик тоон мэдээллээр 1 жилд 8,0 тэрбум ам долларын импортын бараа бүтээгдэхүүн хэрэглэж байна. Д.Жаргалсайхан гуай аль эртнээс өнөөдрийн нөхцөл байдлыг зөгнөсөн юм шиг хэлж,сануулж байсан ч төр нь ч, иргэд нь ч сонсож ажил хэрэг болгоогүй, болгосон цөөхөн нь удаан үргэлжлээгүй.

Монгол улс 1990 онд зах зээлийн нийгмийн шинэ харилцаанд шилжснээр аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, төлөвлөлт зохицуулалт алдагдаж энэ салбар уналтанд орсон гэж үздэг.

Үйлдвэрүүд дампуурч ажлын байр хомсдсоны улмаас өнөөдрийн байдлаар идэр насны 200,000 гаруй иргэн гадаад руу эдийн засгийн цагаачлалаар гарсан байна.Энэ тоо буурах биш, жилээс жилд хурдтай нэмэгдсээр тэсэрч эхэлж байгааг талбай дээр болсон залуусын жагсаалаас харж болно.

Тайван жагсаалын үеэр залуусын дийлэнх нь эх орондоо сайхан амьдармаар байна, ажлын байр хэрэгтэй байна, үйлдвэржсэн орон болмоор байна, ажлаа хий гэж шаардаж байсныг санаж байгаа байх.  Бид импортын бараанаас 95 хувь хамааралтай болж, цар тахалд нэрвэгдэн, бараа бүтээгдэхүүний хомсдолд орж байж л ийнхүү үйлдвэр барих хэрэгтэй гэдгийг ойлгож эхэллээ.

Монгол Улсын Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан Д.Жаргалсайхан нэвтрүүлгийн үеэр хэлэхдээ “үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хууль эрхзүйн боломжоор цангаж байна. Бусад улс орнуудын бизнес эрхлэгчидтэй харилцаа холбоо тогтоох, хамтарч ажиллах, цаашлаад бараагаа экспортлох ажлыг тухайн хүн өөрөө хийж чадна. Гагцхүү энэ боломжийг нь хуулиар зохицуулах шаардлагатай. Мөн бусад улсад гаалийн татварын бодлогоор дотоодын үйлдвэрлэлээ дэмждэг. Харин манай улс хэд дахин бага татвартай байдаг нь үндэсний үйлдвэрлэл хөгжихгүй байх нэг том шалтгаан” гэсэн юм.

Бүс нутаг болон дэлхийн улс орнуудын дотоодын аж үйлдвэрийн салбараа хамгаалах импортын гааль, НӨАТ-ын жишиг ОХУ-д гааль – 20-63%, НӨАТ – 25%, БНХАУ-д гааль – 17-73%, НӨАТ –  20%, БНСУ-д гааль – 10-225%, НӨАТ – 20% байдаг. Харин Монгол Улсад гааль – 5%, НӨАТ – 10% ,зарим бараанд гааль, НӨАТ – 0% байна.

1996 онд  гаалийн импортын татварыг 0% болгосон болон үйлдвэрийн үндсэн түүхий эдийн (арьс шир, ноос ноолуур, өлөн гэдэс..) үнийг Хятадын доншуур наймаачид нэмэгдүүлснээр үндэсний үйлдвэрлэгчид хаалгаа барьж, хямд үнэтэй Хятадын бараа бүтээгдэхүүн манай улсын зах зээлийг бүрэн эзэлсэн байдаг.

Өнөөдрийг хүртэл Монгол Улсын үе үеийн Засгийн газар аж үйлдвэржилтийг сэргээх 30 орчим бодлого хэрэгжүүлж байсан. Гэвч ямар ч үр дүн гаргаагүй гэдгийг өнөөдрийн Монголын эдийн засаг харуулж байна. Бид хамтдаа ухаарч, ойлгож энэ замбараагүй зүйлийг өөрчлөхгүй л бол эх оронгүй болох магадлал 95 хувьтай байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн