Амар байна уу-2023 үзэсгэлэн худалдаа 25 тэрбум төгрөгийн мөнгөний эргэлтийг дотооддоо үлдээгээд байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй Амар байна уу-2023 өргөтгөсөн үзэсгэлэн худалдаанд оролцож буй иргэд, баялаг бүтээгчидтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: Нийслэл болон 21 аймгийн олон мянган баялаг бүтээгчид бараа бүтээгдэхүүнээ борлуулахад дэмжлэг үзүүлэх энэхүү санаачилга нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Хүнсний хувьсгалийн хүрээнд хийгдэж буй ажлын нэг. Манай улс жилд дунджаар 1 тэрбум орчим долларын хүнс импортоор авдаг. Зөвхөн сар шинийн баяраар 1.3 их наяд төгрөг гадагшаа урсдаг гэсэн судалгаа бий. Тэгвэл “Амар байна уу-2023” үзэсгэлэн худалдаа өнөөдрийн байдлаар 25 тэрбум төгрөгийн мөнгөний эргэлтийг дотооддоо үлдээгээд байна. Бид дотооддоо зохион байгуулагдаж буй үзэсгэлэн худалдаанаас эх оронч худалдан авалт хийснээр гадагшаа урсаж байгаа мөнгөний тодорхой хувь нь Монголдоо үлдэнэ.

Үзэсгэлэнд оролцож буй иргэд, баялаг бүтээгчдийн зүгээс  Хүнсний хувьсгал  хөдөлгөөн болон эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор анх удаа 21 аймаг, есөн дүүргийн үйлдвэрлэгчдэд бүтэн сарын турш түрээсийн төлбөргүй үзэсгэлэн худалдаа зохион байгуулан, бараа бүтээгдэхүүнээ үйдвэрийн үнээр борлуулах боломжийг бий болгосонд талархал илэрхийлж байв. Мөн борлуулалт маш сайн байгааг хэлж байлаа.

Гэвч нэг бэрхшээл нь нийтийн тээврийн асуудал бөгөөд нийслэл хотын хэмжээнд үзэсгэлэн рүү очих 4-хөн чиглэл байгаа нь үзэсгэлэн худалдаагаар зочлох хүсэлтэй иргэдэд хүрэлцээ муу, олон автобус дамжих зэрэг асуудал тулгарч байна. Иргэдийн зүгээс уг асуудлыг шийдэж өгөөсэй гэсэн хүсэлт тавьлаа. Цаашид жил бүр иймэрхүү өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах хэрэгтэй байна гэв.

Амар байна уу-2023 үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 20-ныг буюу битүүний өдрийг хүртэл Шинэ 100 айл төвд үргэлжилнэ. Үзэсгэлэн худалдаанд үндэсний томоохон 50 ААН, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 1,000 аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид лангууны түрээс төлөхгүйгээр бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр хэрэглэгчдэд хүргэх юм.

Шинэ 100 айл төв нь Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвийн зүүн талд байрладаг аж.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн