Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлэмжийн аж ахуй эрхлэгчидтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Төв аймгийн Баянчандмань суманд байрлах Дөрвөн улирал хүлэмж-ийн үйл ажиллагаатай танилцаж, Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо болон хүлэмжийн ногоочдын төлөөлөлтэй уулзлаа.

Дөрвөн улирал хүлэмж нь Испани загварын гидропоник технологоор баригдсан жилийн дөрвөн улиралд нарийн ногоо тариалах боломжтой бүрэн автомат, шилэн хүлэмж юм. Тус хүлэмж нь А, Б, техникийн, тариалалтын гэсэн 4 заалнаас бүрджээ. Одоогоор А, техникийн, тариалалтын гэсэн 3-н заалыг ашиглаж байгаа бөгөөд нэг дор 10,000 үрсэлгээ гаргах хүчин чадалтай, сардаа 20тн, жилдээ 150-200тн ургац хураан авах хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж буй баялаг бүтээгч юм.

Уулзалтаар Дөрвөн улирал хүлэмж-ийн захирал У.Эрдэнэзол Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй төлөвлөгөөгөө танилцууллаа. Тодруулбал:

  • 20.000кв.метр шилэн хүлэмж барьж, ашиглалтанд оруулах,
  • улаан лооль, амтат чинжүү, бууцай, юуцай, салат навч зэрэг өргөн хэрэглээний нарийн ногоог төрөлжүүлэн тариалах,
  • шинээр 50-70 тогтвортой ажлын байр бий болгох,
  • жилдээ импортын бүтээгдэхүүнийг орлох 1.500тн нарийн ногоог зах зээлд нийлүүлэх,
  • гидропоник технологийг Монгол улсад өргөн хүрээтэй нэвтрүүлэх,
  • тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх, боловсон хүчний чадавхийг сайжруулахаар төлөвлөжээ.

Эх орондоо тариалсан, хүний биед хортой бордоо, химийн нэмэгдэлгүй, генетиктийн өөрчлөлтгүй, цэвэр экологийн бүтээгдэхүүнээр хангах үндсэн зорилготойгоо уялдуулан, “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг дэмжин ажиллаж, хамтран зүтгэхээ хүлэмжийн аж ахуй эрхлэгчид онцоллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 5 сарын 13-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаар үг хэлэхдээ ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахыг уриалж, Хүнсний хувьсгал хийх санаачилга гарган, 2022 оны 6 сарын 17-ны өдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталсан. Энэ хугацаанд төрийн тэргүүн өөрийн биеэр манлайлал үзүүлж 50 гаруй үндэсний үйлдвэрлэгчидтэй уулзан, санал хүсэлтийг сонсч шийдвэрлээд байна.

Мөн өнөөдөр Төв, Дархан-Уул аймаг дахь хаврын тариалалтын явцтай танилцаж, Улаанбаатар гурил, Малын удмын сангийн үндэсний төв, Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцана. Ерөнхийлөгчийн хамт ХХААХҮ-ийн Сайд Х.Болорчулуун, Сангийн сайд Б.Жавхлан, Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нар ажиллаж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн