Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн C зөвшөөрөл олголтыг ил тод, нээлттэй болгоно

Зөвхөн БНХАУ-тай хиллэдэг 8 боомтоор өдөр бүр ачаа тээвэрлэдэг 16 мянган машин байна. 2016 оноос хойш экспорт нэмэгдсэнээр эдгээр машинуудын тоо 140 хувиар өсчээ. Гэхдээ хүссэн хүн бүр улс хооронд том оврын машинаар ачаа тээвэрлэхгүй. Үүний тулд ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд улс хооронд ачаа тээвэрлэх С зөвшөөрөл авах ёстой. Гэвч сүүлийн жилүүдэд машины тоо өссөнөөр С зөвшөөрлийн эрэлт ч нэмэгдэж үүнийг дагаад албан тушаалтнуудад хээл хахууль өгөх, зарим нь энэ зөвшөөрлөөр бизнес хийх, гомдол санал гарах зэрэг асуудлууд үүсэх болсон байна. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр 20 сая төгрөгний хахуулийн асуудлаар шүүхээр торгох шийтгэл хүлээжээ. Тиймээс цаашид энэ зөвшөөрлийг олгох үйл явцыг олон нийтэд нээлттэй болгох шаардлагыг АТГ тавьж байна.

Х.Хашбаатар /АТГ-ын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга /

Үүн дээр улс хооронд том оврын автомашинаар ачаа тээвэрлэгчдийн зүгээс С зөвшөөрлийг авах нөхцөл шаардлага хатуу байна гэж шүүмжиллээ. Нөхцөл шаардлага хатуу байхын хэрээр С зөвшөөрлийн тоо цөөн гарах улмаар хил гааль дээр урт цуваа үүсэх чирэгдэл гарч байна. Мөн үүний цаана хүмүүсийн амьдрал ч давхар явж байгааг анхаарч үзэхийг хүсэж байна.

М.Нямжав “Баянзам” тээвэрчдийн холбооны тэргүүн

Харин АТҮТ-өөс тов оврын автомашинаар улс хооронд ачаа тээвэр хийх нь хариуцлагатай ажил тийм учраас 4 стандарт 2 зөвлөмжийн дагуу нэг удаагийн С зөвшөөрлийг 90 хоногийн хугацаатай олгож ирсэн гэлээ. Тус тээврийн замд 2018 онд 68 зам тээврийн осол гарч 2 хүн нас барсан нь ч стандарт шаардлагыг нарийн мөрдөх ёстойг харуулж байна. Гэвч нийт аж ахуйн нэгжүүдийн дөнгөж 60 хувь нь дээр шаардлагыг хангадаг байна. АТҮТ 2018 оны байдлаар 8000 орчим С зөвшөөрөл олгосон бөгөөд цаашид элдэв чирэгдэл, хардлага, хээл хахуулийн асуудал гаргахгүйн тулд С зөвшөөрөл олгохтой холбоотой бүх мэдээллийг ил тод болгохоор холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлжээ.

Ш.Батсайхан АТҮТ-ийн дэд захирал 

Улс хоооронд ачаа тээвэрлэх зөвшөөрөлтэй холбоотой гарч байгаа асуудлаа талууд өнөөдөр уулзаж ийнхүү ярьлаа. Эндээс нэгдсэн нэг журам гаргаж удахгүй мөрдөж эхлэх юм байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн