52 Тэрбум төгрөгөөр үнэлсэн мөнгөн ус худалдах гэж байсныг илрүүлжээ

Үлэмж их хэмжээний буюу 70- 80 кг мөнгөн ус худалдахаар авч явсан иргэнийг МБА-ны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн илрүүлэн, мөрдөж эхэлсэн байна. Хууль сахиулагчдад тухайн иргэн “Оросын цэргийн ангийнхнаас авч, олон жил хадгалсан юм” хэмээн тайлбарласныг эх сурвалжууд хэллээ. Харин, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн хашаанд байрлах агуулахад байдаг 120 гаруй кг мөнгөн уснаас тал нь алга болж одоо болтол эзэн холбогдогч нь тогтоогдохгүй байгаа хэргийн эд мөрийн баримт байж болзошгүй гэж үзэн МБА –аас хэргийг үргэлжлүүлэн шалгахаар болжээ.

Засгийн газраас мөнгөн усыг 2007 онд Монголд ашиглахыг хориглон, химийн хорт нэгдэл бүхий бодисын жагсаалтад оруулж, улмаар 2008 онд БОАЖЯ-ны сайдын тушаалаар ашигт малтмал олборлолтод ашиглахыг бүрэн хориглосон. Гэвч Эрүүл мэндийн байгууллагын 2014 оны судалгаагаар гар аргаар алт олборлогчдын цусан дахь мөнгөн усны хэмжээ 14.3 хувь, шээсэн дэх хэмжээ 24.5 хувь байжээ. Ашигт малтмал хууль бусаар олборлох гэмт хэргийг том том техник ашиглан үйлддэг. Цаашдаа овор ихтэй ачаа тээвэрлэхдээ Цагдаагийн байгууллагаас заавал зөвшөөрөл авдаг болно. Журамд ийм өөрчлөлт оруулснаар энэ төрлийн гэмт хэрэг буурна гэж албаныхан үзжээ.

Мөн ЦЕГ-аас ХЗДХЯ-тай хамтран Байгалиа хамгаалъя арга хэмжээг энэ сарын 15-аас тавдугаар сарын 15 хүртэл зохиохоор болжээ.  Энэ хүрээнд байгаль орчны эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийг бууруулах, сэргийлэх, хууль бусаар ан агнах, ургамал түүх, худалдан борлуулах зэргийг таслах, мэдээлэл сурталчилгааны ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.

Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан нэн ховор ан амьтан агнах, хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийн гаралт ихэсдэг учир энэ чиглэлд хяналт шалгалт хийхээр төлөвлөжээ. Сануулахад, өнгөрсөн онд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг нийт хэргийн 1.4 хувийг эзэлсэн. Энэ нь хувь хэмжээгээрээ бага мэт боловч байгаль орчин, ан амьтанд учруулж буй хохирол нь асар их гэдгийг албаныхан хэллээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн