Владимир Зеленский 73.2 хувийн саналаар ялалт байгуулж Украин улс шинэ ерөнхийлөгчтэй боллоо

Украины хошин урлагийн жүжигчин, “Ард түмний үйлчлэгч” намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Владимир Зеленский сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалтад иргэдийн 73.7 хувийн санал авчээ /2019.04.21/. Өдгөө 41 настай Владимир Зеленский ийн Украины одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенког ялж, тус улсын Төрийн тэргүүнээр сонгогдлоо.

Петр Порошенкод иргэдийн 24.5 хувь нь саналаа өгчээ. Өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд болсон эхний шатны санал хураалтаар Владимир Зеленский сонгогчдын 30 хувийн, Петр Порошенко 17.8 хувийн саналыг авч байсан юм.

Украин улсыг таван жил удирдах Владимир Зеленский “Та бүхнийхээ итгэлийг алдахгүй. Би хараахан албан ёсоор Ерөнхийлөгчийн ажлаа хүлээж аваагүй байна. Гэхдээ Украин улсын иргэн хүний хувьд Зөвлөлтийн дараах улсуудад хандаж хэлэхэд, биднийг хараарай, боломжгүй зүйл гэж байхгүй” гэжээ. Тэрбээр улс орноо авлигаас ангижруулах, Донбасст энх тайвныг тогтоох гэсэн гол уриатай Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн билээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн