Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн 69 дуудлага тутмын 1 нь бэлгийн хүчирхийллийн дуудлага байдаг

Хүчирхийлэл нүднээс далд үйлдэгддэг ч хохирогчид нь хүүхдүүд байдаг. Хүүхдийн утас 108 дугаарын утсанд өдөрт дунджаар 500 орчим дуудлага ирдэг. 63 дуудлага тутмын 1 нь хүчирхийллийн дуудлага байдаг. Ялангуяа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах, сэтгэл зүйн нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх нь нэн тэргүүний асуудал болоод байна.

Хүүхдийн тусламжийн утас 108 дугаар нь 24 цагийн турш дуудлага мэдээллийг үнэ төлбөргүй авдаг. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, сэтгэл санааны дарамтанд орсон, эцэг эх үл хайхарсан, найз нөхдийн гадуурхалт гээд олон асуудлаар хүүхдүүд хандах эрхтэй. Дуудлагыг ихэвчлэн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн танил, хөндлөнгийн этгээдүүд өгдөг. 2016 онд хүүхдийн утсанд хандсан хүүхдийн тоо дөнгөж 29 хувийг эзлэж байсан бол 2017 онд 46 хувь болж, 2018 онд 54 хувьд хүрсэн нь томоохон  ахиц юм. Цаашид 80 хувьд хүргэх зорилт тавьжээ.  

Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн асуудлыг шийдэгдэх хүртэл түр хамгаалах байранд байрлуулдаг. Одоогоор түр хамгаалах байранд 30 хүүхэд байрлаж байна. Он гарснаас хойш  нийт 289 хүүхэд түр хамгаалах байраар үйлчлүүлжээ.

Журмаараа түр хамгаалах байранд нэг хүүхдийг 72 цаг байрлуулах ёстой байдаг ч хүчирхийлэлд өртөж хохирсон хүүхдийн асуудал 72 цагийн дотор шийдэгддэггүй. Тиймээс ялангуяа Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдүүдийг дагнан хүлээн авч сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлдэг төв байгуулах шаардлагын дагуу Үжин төв байгуулагджээ. Энэ төвд бэлгийн хүчирхийлэлд өртсөн өнөөдрийн байдлаар 7 хүүхэд байрлаж нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байна.

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд өмнө нь үхлийн тухай боддог байснаа нуусангүй. Харин одоо сэтгэл зүйн хувьд өөрчлөгдөж шинэ хүн болж зорилго тэмүүлэлтэй, ирээдүйгээр гэрэлтэйгээр харах болсон гэдгийг хэлж байлаа. Жилд дунджаар 300 орчим хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тоо мэдээлэл байна. тэр чинээний олон хүүхдэд энэ төрлийн сэтгэл заслын нөхөн сэргээх үйлчилгээ шаардлагатай гэсэн үг. ГБХЗХГ-аас хүүхэд хамгаалах чиглэлээр ялангуяа хүүхдийн хүчирхийллийн эсрэг авах хариу арга хэмжээний хүрээнд үр дүнтэй бодитой олон ажил хийжээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн