‘Оюу Толгой’ ХХК ажилчдынхаа цалинг хууль бусаар хассан гэж мэдэгдлээ

“Оюутолгой” ХХК ажилчдынхаа хүнд, хортой нөхцөлийн цалингийн нэмэгдлийг хууль бусаар хасчээ. Үүнээс нь болж 200 ажилчин цалингийнхаа нэмэгдлийг авч чадахгүй хүнд,хортой нөхцөлд жил гаруй ажиллаж байна гэж тус компанийн ҮЭХ-ноос мэдэгдлээ.

Оюутолгой компани 2017 оны 10-р сард АШУҮИС-ийн дэргэдэх Хөдөлмөр орчны эрүүл мэндийн институтээр өмнөговь аймаг дахь уурхайн талбарынхаа 90 ажлын байрны 329 ажилчинд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэжээ. Улмаар үнэлгээний тайланг нь үндэслэн 200 ажилчныхаа хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийг  хэвийн болгон өөрчилж, хэвийн бус буюу хүнд хортой нөхцөлийн 13 хувийн нэмэгдлийг нь хассан байна. Тэгвэл энэ нь анхнаасаа компанийхаа цалингийн зардалыг хэмнэх гэсэн хууль бус ажил байсан гэж тус компанийн ҮЭХ-ноос мэдэгдлээ. Тодруулбал хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх эрхгүй байгууллагаар үнэлгээ хийлгэж,үүнийгээ ашиглан цалин хассан гэдгийг нь тогтоосон гэж байгаа юм.

Нийгмийн хамгаалал,хөдөлмөрийн 2 хууль тогтоомжийг зөрчин цалингийн хүнд хортой нөхцөлийн 13 хувийн нэмэгдлийг нь хассан энэ асуудлаар ҮЭХ нь Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэсэн ч Оюутолгой компани оролцоогүй төдийгүй тэдний эсрэг нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандаад байгааг хэлж байна.

Оюутолгой компанийн зүгээс хөдөлмөрийн хүнд,хортой нөхцөлийн үнэлгээ хийлгэх эрхгүй байгууллагаар үнэлгээ хийлгэж,үүгээрээ хууль бусаар цалин хассан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй,хамтын маргаанд оролцохгүй шүүхэд хандаж байгаа нь цаг хожиж,цаанаа цалингийн зардлаа хэмнэсээр байгаа хэлбэр нь гэж хардаж байгаагаа ҮЭХ-ноос тайлбарлалаа. Түүнчлэн асуудал шийдэгдэхгүй ингэж жил тойрч байх зуур 200 ажилчин хүнд нөхцөлд нэмэгдэлгүй ажилласаар байгаад зохих хууль хяналт,хөдөлмөр нийгмийн байгууллагууд нь анхаарлаа хандуулахыг хүссэн юм.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн