ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНД 100 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ГАРГАХ НӨӨЦ БИЙ

“Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн ээлжит дугаарт Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг оролцлоо. Тус сангийн гол үйлчлүүлэгчид нь ЖДҮҮ эрхлэгчид байдаг. Гэвч хэрхэн, яаж үйлчлүүлэх тухай мэдээлэл байдаггүйгээс гадна, олон сөрөг ойлголтууд тэдний дунд бий. Иймд энэ талаар мэдээлэл авах зорилгоор баялаг бүтээгчдэдээ зориулж нэвтрүүлгийн зочноо сонголоо.

Зээлийн батлан даалтын сан 2012 онд Зээлийн батлан даалтын тухай хууль батлагдаж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Байгуулагдсан цагаасаа эхлэн 1000 гаруй иргэн, аж ахуйн нэгжид зээл олгосон байна. Энэ нь Монгол Улсад цор ганц байдаг энэ төрлийн сангийн хувьд чамлахааргүй тоо гэж үздэг. Гэвч сүүлийн хоёр жилд тус сангаар үйлчлүүлэгчдийн тоо эрс буурчээ. Учир нь Цар тахлын үед зээл авах сонирхолтой хүмүүсийн тоо багасахаас гадна, 2019 онд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тухай хууль шинээр батлагдаж, Зээлийн батлан даалтын сангаас зөвхөн аж ахуйн нэгжүүд л зээл авах боломжтой хуулийн заалт орсон юм.  Үүнээс өмнө Зээлийн батлан даалтын сангийн үйлчлүүлэгчдийн 47 хувь нь иргэд байв. Эдгээр иргэдэд дахин үйлчилгээ үзүүлэхийн тулд Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна гэж тус сангийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг хэллээ.


Өнөөдрийн байдлаар Зээлийн батлан даалтын санд 100 орчим тэрбум төгрөгийн нөөц байна. Гэвч иргэдийн дунд хангалттай мэдлэг, мэдээлэл байдаггүй тул энэ зээл эзэндээ очиж чадахгүй гацаанд орсон гэж хэлж болно. Иймд тус байгууллагын зүгээс үйл ажиллагаагаа сурталчлах ажлыг эрчимжүүлж эхэлжээ. Мөн хамтран ажилладаг банк, санхүүгийн байгууллагуудын эдийн засагч, холбогдох ажилтнуудыг мэдээллээр хангах нь чухал байгаа юм. Ингэж чадаагүйгээс үйлчилгээ авахаар зорин очсон иргэд буруу мэдээлэл авах эрсдэлтэй байдаг.
Зээлийн батлан даалтын сан дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг иргэдэд санал болгодог. Үүнд:

  • Үндсэн батлан даалт
  • АХБ-ны эх үүсвэртэй батлан даалт
  • Ажлын байр дэмжих зээл
  • Банк бус санхүүгийн байгууллагын батлан даалт зэрэг орно.

Эдгээр үйлчилгээний талаарх мэдээллийг тус сангийн сошиал хуудсуудаас авах боломжтой бөгөөд, санал гомдол, асуултуудад тэр дор нь хариулт өгдөг байна. Мөн шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа нь бусад дөрвөн үйлчилгээнээсээ их онцлогтой. Өөрөөр хэлбэл Монголчуудын дунд хамгийн их эрэлт хэрэгцээтэй байдаг ипотекийн зээлд батлан даалт гаргахаар ажиллаж байна. Ингэхдээ жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд үзүүлдэг үйлчилгээнээс тусдаа санхүүжинэ гэсэн юм. Энэ үйлчилгээний бас нэг анхаарал татахуйц зүйл нь ипотекийн зээлд батлан даалт гаргахдаа түлхүү орон нутагт байр авсан тохиолдолд гаргахаар төлөвлөж буй явдал юм. Ингэснээр орон нутагт амьдрах иргэдийг дэмжиж, нийслэл хотын хүн амын бөөгнөрөлийг сааруулахад эерэг нөлөөтэй гэж үзжээ.
Иргэд Зээлийн батлан даалтын сангаар үйлчлүүлэхэд төвөгтэй, хүнд сурталтай гэх мэт сөрөг сэтгэгдэлтэй байх нь бий. Зарим тохиолдолд танил талаараа дамжуулж уулзах хүмүүс ч байдаг. Тэдний ихэнх нь танай байгууллагаас яаж зээл авах вэ, аль банк дээр очих вэ гэх мэт асуулт тавьдаг байна. Гэвч энэхүү байгууллагаас мэдээлэл, зөвлөгөө авахад тийм зүйл огт шаардлагагүй, зорьж ирсэн хүмүүсийг мэдээллээр хангахад хэзээд бэлэн байдаг гэсэн юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн