Ж.Мөнхцэцэг: БНСУ-ын технологийг Монголд нутагшуулж, импортыг орлох үйлдвэрлэлийг хөгжүүлж байна

“ Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт БНСУ-ын технологийг эх орондоо нутагшуулан 100 хувь байгалийн чулуун ванн үйлдвэрлэж буй “ Монгол ванн констракшн” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Мөнхцэцэг оролцлоо. Нэвтрүүлгийг “ Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” –ны ерөнхийлөгч, доктор (Ph.D) Ч.Даваабаяр хөтлөн явуулсан юм.
Өнөөдрийн “ Монгол ванн констракшн” үйлдвэрийн үндэс БНСУ-д өнгөрүүлсэн дөрвөн жилийн хөдөлмөрөөс эхтэй. Чулуун ванн үйлдвэрлэлийн салбарт ажиллах хугацаандаа тэд үйлдвэрлэлийн технологи, чанарын тогтолцоо, үйлдвэрийн зохион байгуулалтыг гүнзгий судалж, энэ туршлагаа Монголд нутагшуулахаар зорьжээ. Ингээд 2012 оны зургаадугаар сард ердөө гурван ажилтантайгаар компаниа байгуулж, үндэсний үйлдвэрлэлийнхээ анхны алхмыг эхлүүлсэн байна.

Өнөөдөр тус үйлдвэр байгалийн чулуун болон акрил гэсэн хоёр төрлийн ванн үйлдвэрлэж байгаа бөгөөд акрил ванны үйлдвэрлэлийг 2025 оноос эхлэн явуулж байгаа юм. Байгалийн чулуун ванны хувьд хэрэглэгчийн ариун цэврийн өрөөний хэмжээнд тохируулан тайралт, зүсэлт хийх боломжтойгоороо онцлог юм. Үүнээс гадна хүргэлт, суурилуулалтыг үнэ төлбөргүй гүйцэтгэж, хэрэглэгчдэд цогц үйлчилгээ үзүүлдэг.
“ Монгол ванн констракшн” ХХК нь Монгол хүний биеийн онцлог, дундаж жинг судлан бүтээгдэхүүний хийц, бат бөх чанарыг тооцоолдог бөгөөд стандарт болон стандарт бус 20 гаруй загварын ванн үйлдвэрлэж байна.
Хэрэглэгчдэдээ илүү ойр байх үүднээс тус компани Хан-Уул дүүргийн Мишээл Барилгын Их Дэлгүүр болон Сүхбаатар дүүргийн 100 айл дахь АМО төвд өөрийн нэрийн салбар дэлгүүрүүдийг байгуулж, бүтээгдэхүүнээ шууд нийлүүлдэг.
Бүтээгдэхүүний үнэ загвар, хэмжээнээсээ шалтгаалан 1.6–2.1 сая төгрөгийн хооронд худалдаалагдаж байна.



Үйлдвэрлэлд ашигладаг үндсэн түүхий эд болох байгалийн нунтаг чулууг 100 хувь дотоодоосоо хангаж, өдөрт нэг тонн орчим чулуу боловсруулдаг. Байгалийн чулууг нарийн нунтаглан үйлдвэрлэдэг технологи нь бүтээгдэхүүнийг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй болгохын зэрэгцээ дулааныг удаан хадгалах, ус гоожих үед дуу чимээ багатай байх, 300–450 кг-ын даац даах зэрэг техникийн давуу талыг бүрдүүлдэг. Мөн импортын ижил төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад үнэ, эдэлгээний хувьд өрсөлдөхүйц бөгөөд Солонгост баталгаажсан технологид суурилсан үйлдвэрлэлээрээ ялгардаг.
“ Үндэсний үйлдвэрлэл – Үндэстний бахархал” уриаг үйл ажиллагааныхаа зарчим болгосон тус хамт олон чанар, аюулгүй байдал, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг үйлдвэрлэлийнхээ бүх шатанд эрхэмлэн ажиллаж байна. Жилд 30 мянган ванн үйлдвэрлэх хүчин чадалтай уг үйлдвэр нь инженер, техникч, мэргэжлийн боловсон хүчний хамтын ажиллагаанд тулгуурлан олон байгууллага, орон сууцны хотхон, бүтээн байгуулалтын төслүүдийг бүтээгдэхүүнээрээ хангаж, салбартаа итгэл хүлээсэн үндэсний үйлдвэрлэгчдийн нэг болжээ.

“ Монгол ванн констракшн” ХХК-ийн үйлдвэрлэл эрхэлсэн захирал Л.Алтангэрэл: –“ Бид дэлхийн томоохон үйлдвэрлэгчидтэй өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой. Монголд өрнөж буй барилга, орон сууцны бүтээн байгуулалтыг дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр бүрэн хангах боломж манай үйлдвэрлэгчдэд бий” хэмээн онцолсон юм.


Өдгөө “ Монгол ванн констракшн” үйлдвэр нь импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын түүхий эдэд нэмүү өртөг шингээн, үндэсний үйлдвэрлэлийн хөгжлийг бодитоор түүчээлж байна. Чанар, технологи, инновацид суурилсан үйлдвэрлэлийн зарчим нь хэрэглэгчдийн итгэлийг хүлээхээс гадна үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодит жишээ болсоор байна.


