Монгол амтыг дэлхийд хүргэх “Монконди” брэнд

  “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч БОСА Холдинг ХХК-ийн Ерөнхий захирал, “Монконди” брэндийг үүсгэн байгуулагч Б.Нандинчимэг оролцож, Монголын анхны өндөр хүчин чадалтай чихрийн үйлдвэрийн үйл ажиллагаа, хөгжлийн замнал, цаашдын зорилгын талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Нэвтрүүлгийг “Баялаг бүтээгч” төслийн санаачлагч, доктор (Ph.D), профессор Ч.Даваабаяр хөтөлж, үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан юм.

Монгол Улсад чихрийн үйлдвэр байгуулагдахаас өмнө дотоодын зах зээлийн 97 хувийг импортын бүтээгдэхүүн бүрдүүлж, жил бүр дунджаар 20 сая килограмм чихэр гадаадаас нийлүүлдэг байсан нь үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагыг улам тодотгож байв. Энэ нөхцөл байдлыг өөрчлөх зорилгоор “Монконди” үйлдвэр 2020 онд үйл ажиллагаагаа эхлүүлж, импортын бүтээгдэхүүнийг орлох, гадаадын зах зээлд өрсөлдөхүйц чанартай чихэр, амттанг эх орондоо  үйлдвэрлэх томоохон зорилгыг дэвшүүлжээ.

Үйлдвэр анх 20 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол өнөөдөр 160 гаруй хүнийг тогтмол ажлын байраар хангаж, үндэсний үйлдвэрлэлийн үнэ цэнийг бодитоор бүтээж байна. Бүрэн хүчин чадлаараа ажиллах үедээ жилд 4.5 сая килограмм бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой бөгөөд одоогоор хүчин чадлынхаа 30 орчим хувийг ашиглаж байгаа аж. Харин экспортын үйл ажиллагаагаа өргөжүүлэхтэй зэрэгцэн үйлдвэрлэлийн ашиглалтыг 50 хүртэл хувьд хүргэхээр төлөвлөжээ.

Үүсгэн байгуулагч Б.Нандинчимэгийн хэлснээр баялаг бүтээгч байх хамгийн чухал шалгуур нь эх орондоо бий болсон түүхий эдийг үнэ цэнтэй бүтээгдэхүүн болгон хувиргах явдал юм. Энэ үзэл баримтлалын хүрээнд “Монконди” үйлдвэрийн хамгийн онцгой бүтээгдэхүүн болох шар сүүний чихэр бий болсон байна.

Сүүний үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн гэж тооцогддог шар сүүг дахин боловсруулан хүнсний өндөр үнэ цэнтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй энэхүү технологи нь Монголд төдийгүй олон улсын хэмжээнд ховорд тооцогдох инновацын шийдэл юм. “Монконди” үйлдвэрийн хувьд “Сүү” хувьцаат компанитай кластер системээр хамтран ажиллаж, сүүн болон шар сүүний чихрийн үндсэн түүхий эдээ тогтвортой нийлүүлэн үйлдвэрлэлээ явуулж байна.

Шар сүүний чихэр нь зөвхөн Монголын мал аж ахуйн гаралтай түүхий эдээр үйлдвэрлэгддэгээрээ онцлогтой. Лабораторийн шинжилгээгээр энэхүү бүтээгдэхүүн нь кальци, кали, С болон В бүлгийн аминдэм зэрэг олон төрлийн эрдэс бодис агуулдаг болох нь тогтоогдсон байна. Мөн БНХАУ-ын Шанхай хот дахь SGS олон улсын итгэмжлэгдсэн лабораторид хийлгэсэн шинжилгээгээр бүтээгдэхүүний шим тэжээлийн үзүүлэлтүүдийг олон улсын түвшинд баталгаажуулжээ. Үүний зэрэгцээ сахарын агууламжийг харьцангуй бага байлгаж, эрдэс, аминдэмийн агууламжийг хадгалсан шинэ технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн нь хэрэглэгчдийн талархлыг хүлээдэг байна.

“Монконди” үйлдвэрийн шар сүүний чихэрт хэрэгжүүлж буй 3 ээлтэй бодлого

  1. Байгаль орчинд ээлтэй
  • Сүүний үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн болох шар сүүг дахин боловсруулан үнэ цэнтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
  • Шар сүүг байгальд шууд асгаснаар үүсэх хөрс, усны бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулдаг.
  1. Эдийн засагт ээлтэй
  • Өмнө нь бүрэн ашиглагддаггүй байсан дайвар түүхий эдийг эргэлтэд оруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
  • Экспортын боломжтой, өрсөлдөх чадвартай үндэсний бүтээгдэхүүн бий болгох.
  1. Хэрэглэгчдэд ээлтэй
  • Сахарын агууламж харьцангуй бага.
  • Кальци, кали болон С, В бүлгийн аминдэм зэрэг эрдэс, шим тэжээлээр баялаг.
  • Эрүүл хэрэглээг дэмжсэн шинэ технологид суурилсан бүтээгдэхүүн.

           БОСА Кондитер ХХК бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг олон улсын түвшинд хүргэх зорилгоор ISO 9001 болон HACCP стандартуудыг үйлдвэрлэлдээ үе шаттайгаар нэвтрүүлж байгаа бөгөөд Монгол Улсын MNS 0444:2024 “Зөөлөн чихэр”-ийн техникийн ерөнхий шаардлагын стандартыг шинэчлэх ажилд оролцон салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулжээ.

Өнөөдөр үйлдвэрийн бүтээгдэхүүн Монгол Улсын өнцөг булан бүрт хүрч, хэрэглэгчдийн өдөр тутмын сонголтын нэг болсон байна. Үүнээс гадна зарим улс оронд бага хэмжээгээр нийлүүлэгдэж эхэлсэн бөгөөд Монголоос авч очсон хэрэглэгчдийн дунд танигдан, дахин худалдан авалт бий болсон нь цаашдын экспортын боломжийг улам бататгажээ. Компанийн зорилго нь Монголын онцлогийг шингээсэн сүүн болон шар сүүний чихрийг дэлхийн зах зээлд гаргаж, үндэсний брэндийн үнэ цэнийг олон улсад таниулах юм.

Үйлдвэрлэлийн нэг ширхэг чихэр хэрэглэгчийн гарт хүрэх хүртэл дор хаяж 20 гаруй технологийн шат дамждаг. Энэ бүх үйл явцын цаана чанар, хүнсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг эрхэмлэсэн үйлдвэрлэлийн соёл бүрэлдсэн байдаг.

        

Б.Нандинчимэг анхны бүтээгдэхүүнүүдээс өнөөдрийг хүртэл хамгийн өндөр борлуулалттай хэвээр байгаа бүтээгдэхүүнээрээ цэвэр жимсний охьтой Алт, Мөнгө, Зэс нэртэй цуврал чихрээ онцолсон юм. Хэрэглэгчдийн магтаалд ханах бус  тэднийг  уйдаахгүй, чанартай бүтээгдэхүүн хүргэхийг  хамгийн чухал зарчим гэж үзэн бүтээгдэхүүний амт, бүтэц, савлагаа, технологио тогтмол шинэчилж, хөгжүүлдэг аж.

Мөн Цагаан сар, Halloween зэрэг хэрэглээ эрчимждэг баярын үеэр тухайн баярын өнгө төрхийг илэрхийлсэн тусгай бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна байгууллагуудын лого, нэр, онцлогийг шингээсэн захиалгат чихрийг үйлдвэрлэдэг нь хэрэглэгчдэд ойрхон, уян хатан үйлчилгээний нэг хэсэг болжээ.

Дотооддоо үнэ цэн бүтээж, чанартай бүтээгдэхүүнээрээ хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн тэдний баримталж буй чанар, шинэчлэлд суурилсан үйлдвэрлэлийн зарчим нь үндэсний үйлдвэрлэлийн хөгжлийн жишиг болсоор байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл “MonKondi “ пэйж хуудас болон 9599-9100, 7500-8888 дугаарын утсаар холбогдоно уу.

 

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн