Хэнтий аймагт нөхөн сонгууль болохгүй.

Хэнтий аймагт ирэх сарын 30-ны өдөр болохоор товлогдсон УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгууль хойшлогдлоо. Учир нь ҮХЦ-ийн улс төржсөн шийдвэрээс болж ийм нөхцөл байдал үүсэн гэдгийг цэцийн хуралд УИХ-с итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдож оролцсон УИХ-ын дэд дарга Санжмятав мэдэгдлээ.

Өчигдөр ҮХЦ УИХ-ын гишүүн асан гантулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн УИХ-ын тогтоол ҮХ зөрчсөн эсэх иргэдээс ирүүлсэн гомдлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. ҮХЦ-с Гантулгыг чөлөөлсөн УИХ-ын тогтоол ҮХ зөрчөөгүй гэж үзсэн мөртлөө нөхөн сонгуульд зарцуулах хөрөнгийг ЗГ-ын тусгай сангаас гаргасан нь ҮХ зөрчсөн гэж шийдвэрлэсэн. Ингэснээр ирэх сарын 30-нд болохоор товлогдсон Хэнтий аймгийн 42-р тойрогт явагдах байсан нөхөн сонгууль болох боломжгүй болж байна. УИХ-с итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон УИХ-ын гишүүн Санжмятав цэцийн гаргасан дээрх шийдвэрийг улс төрийн захиалгатай байсан хэмээн үзэж байгаагаа мэдэгдсэн байна.

ҮХЦ-ийн гаргасан шийдвэрт ойлгомжгүй зүйл байна. Тодруулбал цэц зөвхөн Гантулгыг чөлөөлсөн тогтоол нь ҮХ зөрчсөн эсэх иргэнээс ирүүлсэн маргааныг хэлэлцсэн. Гэтэл яагаад нөхөн сонгуульд зарцуулах хөрөнгийг ЗГ-ын нөөц сангаас гаргах нь ҮХ-ийн 1-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны зарчим мөн гэсэн ойлгомжгүй дүгнэлт рүү цэцийн шийдвэр халтирав. Уг нь ЗГ-ын нөөц сангийн тухай хуулийн 8,3,4 дэхь хэсэгт төсвийн жилийн явцад шинээр батлагдсан хууль тогтоомж, ЗГ-ын шийдвэрийг хэрэгжүүлэхэд шаардагдах нэмэлт зардлыг ЗГ-ын нөөц сангаас гаргаж болно гээд заачихсан. Тэгвэл үнэхээр цэцийн гаргасан шийдвэр нөхөн сонгуулийг хойшлуулах гэсэн аль нэг улс төрийн хүчний захиалга байв уу.

Цэцийн гаргасан шийдвэрийг УИХ 14 хоногийн дотор хэлэлцэнэ. УИХ цэцийн шийдвэрийг хүлээж авсан ч авахгүй байсан ч цаг хугацааны хувьд нөхөн сонгууль болохгүй нь ойлгомжтой болжээ. Учир нь сонгуулийн хуульд нөхөн сонгуулийг хавар юм уу намар явуулна. Ингэхдээ ээлжит сонгуулиас нэг жилийн өмнө гэдэг заалттай. Ирэх намар нөхөн сонгууль явуулах тов зарлалаа гэхэд ээлжит сонгууль ирэх оны 6 сард болно. Ингэхээр жилийн өмнө нөхөн сонгууль явуулна гэдэг заалтыг зөрчих учраас хэнтий аймгийн 42-р тойргийн сонгогчид УИХ-д төлөөлөлгүй 2020 оны ээлжит сонгуультай золгох болж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн