Нийслэлийн хөгжлийн тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч ажиллана

Нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор тусгай зохицуулагч нарыг томилохоор төлөвлөжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн хөгжлийн тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч ажиллуулах саналыг гаргасан бөгөөд уг саналыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дэмжсэн байна.

Тодруулбал, нийслэлийн хэмжээнд тулгамдаж буй асуудлууд болон хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг чиглэл тус бүрээр нь хариуцан ажиллах дараах зохицуулагч нарыг томилохоор төлөвлөсөн байна. Үүнд:

  • Агаарын бохирдол, ногоон хөгжлийн асуудал хариуцсан зохицуулагч;
  • Орон сууцжуулалтын төслүүд хариуцсан зохицуулагч;
  • Замын хөгжлийн төслүүд хариуцсан зохицуулагч;
  • Эрчим хүчний төслүүд хариуцсан зохицуулагч;
  • Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч нар багтаж байна.

Тусгай зохицуулагч нарыг ажиллуулахын гол зорилго нь нийслэлд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээ бүрийг тодорхой эзэнжүүлж, хариуцах албан тушаалтантай болгох, хэрэгжилтийг нь цаг хугацаанд нь зохион байгуулахад чиглэж байна.

Мөн төсөл, ажлын явцад үүсэж буй хүндрэл, асуудлыг шуурхай шийдвэрлэх, холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, хэрэгжилтийн явцыг хянах зэрэг чиг үүргийг зохицуулагч нар хүлээх юм байна.

Түүнчлэн нийслэлийн иргэд, олон нийтээс гарч буй санал, хүсэлт, шүүмжлэлийг бодлогын хэрэгжилтэд тусган ажиллахад анхаарч, иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад зохицуулагч нарын үйл ажиллагаа чиглэх аж.

Ингэснээр нийслэлийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийн хүрээнд хэрэгжиж буй ажлуудыг илүү хариуцлагатай, уялдаатай зохион байгуулж, төсөл бүрийн хэрэгжилтийг хурдасгах боломж бүрдэх юм байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн