Номын хорхойтнуудын баяр эхэллээ.

Номын хорхойтнууд магнайгаа “хагартал” баярлаж байна. Учир нь номын ертөнцөөр 3 өдөр чөлөөтэй аялаж болох “Үндэсний номын баяр-2019”өнөөдөр нээгдлээ. Монголчууд ном унших,худалдан авах нь эрс нэмэгдэж байгааг алдарт зохиолч,орчуулагчид сайшаалтай хүлээн авч байна.

Номын хорхойтнууд жилдээ нэг удаа төв талбайдаа цуглаж,номын ертөнцөөр дураараа аялаж,ном гэх цонхоор ертөнцийг тольддог. Энэ бол үндэсний номын баяр юм. 25 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа үндэсний номын баяр номонд шимтэгчдийг баярлуулсан илүү олон шинэ номтойгоор, илүү олон бяцхан уншигчидтайгаар өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ жилийн номын баярт монголчууд бидний эрхэмлэж хүндэлдэг ном зохиолыг нь шимтэн уншдаг 300 гаруй зохиолч,яруу найрагчид болон гадаадын сор бүтээлүүдийг уншигчдад хүргэдэг орчуулагчид, мөн 120 гаруй хэвлэлийн аж ахуйн нэгж оролцож, өөрсдийн сор болсон шинэ бүтээлүүд, номонд хайртай уншигчдийн эрж хайдаг хуучны номуудыг дэлгэн тавьжээ.  Номын баярыг зорьж төв талбайд цугласан уншигчдийг хараад одоо л монгол хөгжих нь ээ гэж баяртай ярих зохиолч,яруу найрагчид олон байлаа.

Энэ жилийн үндэсний номын баярыг “Хүүхэд монголын ирээдүй” уриан дор зохион байгуулж байна. Тийм ч учраас номын баярт илүү олон хүүхдүүдийг сургуулиас нь авчран нэгдсэн журмаар оролцуулж байна. Хүүхдүүдэд багаас нь ном унших дадал сургаснаар тэдний ирээдүйд том хөрөнгө оруулалт болно гэж үзэж байгаа юм.

Үндэсний номын баяр өнөөдрөөс эхлэн 3 өдөр үргэлжилнэ. Номонд хайртай,унших дуртай хэн бүхнийг дотоодын алдарт зохиолч яруу найрагчдийн болон гадаадын сонгомол зохиолууд хүлээж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн